СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулагч этгээдүүд архины хамааралтай иргэдийн нэр дээр данс нээлгэжээ
Цагдаагийн байгууллагаас цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулсан Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат “Э” нарын бүлэг этгээд “Зиндаа” нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдлийг илрүүлсэн талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Гэмт этгээдүүдийн гэмт хэргийн замаар олсон байж болзошгүй орон сууц, тээврийн хэрэгсэл, бэлэн мөнгө, тоглогч нарын аккаунт нэр, дансны дугаар, тэмдэглэл, гар утас зэргийг түр хураан авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна.
Энэ төрлийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт этгээдүүд нь ихэвчлэн нэг нутаг, нэг сумын иргэд байгаа нь анхаарал татаж байгаа аж.
Түүнчлэн гэмт хэрэг үйлдэгч этгээдүүд хууль бусаар олсон орлогынхоо эх үүсвэрийг нуун дарагдуулах зорилгоор алслагдсан нутаг дэвсгэрт оршин суух иргэд, тодорхой оршин суух хаяггүй архины хамааралтай зэрэг иргэдийн нэр дээр банкны харилцах данс нээлгэж орлогоо дамжуулан авч байна.
Мөн зохион байгуулагч этгээдүүд нь цахим орчинд хэд хэдэн хуурамч хаяг нээн тоглогч иргэнтэй олон тооны гар утас, төхөөрөмж ашиглан, бусдад олон тоглогчтой зэрэг тоглож байгаа мэт сэтгэгдэл төрүүлж зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж байгаа үйлдлүүд нь мөнгө угаах болон залилах гэмт хэргийг давхар агуулж байдаг гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.
Иймд үүнийг сонирхогч иргэн та хууль бус мөрийтэй тоглоомоос татгалзах, сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаар, ЭЦА-ны 262425 дугаарын утсанд цаг алдалгүй мэдээлж, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд хамтран ажиллаж, цагдаагийн байгууллагад дэмжлэг үзүүлэхийг зөвлөлөө.