Далайн захиргааны дарга Д.Отгонсүрэн төсвийн 138 сая төгрөгийг “ГАДААД ТОМИЛОЛТ“ нэрийдлээр зарцуулжээ
Төрийн байгууллагууд төсвийн хөрөнгийг хэрхэн захиран зарцуулж байгаа талаар "ШИЛЭН ДАНС"-наас мэдээллийг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Монгол Улсын Далайн захиргааны 2023 оны шилэн дансны мэдээллийг хүргэж байна.
Тухайлбал, Монгол Улсын Далайн захиргааны дарга Д.Отгонсүрэн төсвийн мөнгөнөөс энэ онд 138 сая төгрөгийг "ГАДААД ТОМИЛОЛТ" нэрийдлээр захиран зарцуулжээ.
Тодруулбал, 39 сая төгрөгийг хоёр удаагийн гүйлгээгээр "Нандин вэй" билетийн касс руу "Онгоцны тийзний төлбөр" нэрээр шилжүүлсэн байна. Харин 36 сая төгрөгийг Далайн захиргааны таван ажилтныг Хятадын Хөх хотод зохион байгуулагдсан "Монгол-Хятадын IV экспо-2023" арга хэмжээнд оролцох томилолтын зардал гэж бүртгүүлснээс бусад мэдээллийг яг ямар томилолтод зарцуулсан талаар мэдээлэл огт оруулаагүй байна.
Тодруулбал,
- 2023-05-05-нд: "Хүннү Эйр" рүү "Гадаад томилолтын онгоцны тийзний төлбөр" нэрээр- 11,251,200.00 ₮,
- 2023-05-05-нд: "Гадаад томилолтын зардал" нэрээр - 12,150,866 ₮,
- 2023-05-18-нд: "Нандин вэй" руу "Гадаад томилолтын тийзны төлбөр" нэрээр 16,248,400 ₮
- 2023-06-07-нд: "Нандин вэй" аялал жуулчлалын компани руу "онгоцны тийзний төлбөр" нэрээр 23,185,200 ₮,
- 2023-06-07-нд: Ю.Өлзийжаргал руу "Гадаад томилолтын зардал" нэрээр 38,849,360 ₮,
- 2023-09-06-нд: Ш.Долгион руу "Гадаад томилолт" нэрээр 36,685,440 ₮ тус тус шилжүүлжээ.
Гэвч ХАВСРАЛТ хэсэгт зарлагын гүйлгээний мэдээлэл огт байхгүй, ямар зориулалтаар хэн гэдэг албан тушаалтан ямар ажлаар явсан нь тодорхойгүй байгаа нь Засгийн газрын ил тод байх шилэн дансны журмаа мөрдөөгүй, Төсвийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчсөн байна.
Угтаа бол Төсвийн захирагч нарын хувьд төсвийн мөнгөөр авч байгаа үйлчилгээний болгоноор төлбөрийн даалгавар, гэрээ, гэрээ дүгнэсэн акт нь байх ёстой.
Товчхондоо, Монгол Улсын Далайн захиргааны дарга Д.Отгонсүрэн Төрийн хэмнэлтийн тухай хууль зөрчиж байгаа наад захын жишээ нь энэ. Засгийн газраас төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчсөн албан тушаалтныг ажил үүргээс нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна хэмээн мэдэгдсэн билээ.
Санаачилж, батлуулсан хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа албан тушаалтнуудад хариуцлага тооцно байгаа, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт аа...