Хүүхэд хөнөөх, хүчиндэх гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй, хугацаанаас өмнө суллахгүй байхыг ДЭМЖЛЭЭ
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2023.11.06/-ийн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн төсөл, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг авч хэлэлцлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зөрчил гаргасан тохиолдолд зөрчлийн хуулиар бус эрүүгийн хуулиар шийтгэл ногдуулдаг байх хуулийн төслийг өргөн бариад байсан билээ. Тэгвэл ажлын хэсэг хэлэлцэж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зөрчил гаргасан тохиолдолд эхний удаа зөрчлийн хуулиар арга хэмжээ авах бол хоёр дахь удаагаас эрүүгийн хуулиар арга хэмжээ авдаг байхаар ярилцаж дэмжигдлээ.
Тодруулбал, эхний удаа хорихгүйгээр зөрчлийн хуулиар торгох эсвэл 7-30 хоног баривчлах бол хоёр дахь удаад эрүүгийн хуулиар хариуцлага тооцож хорих ялаар шийтгэдэг байх өөрчлөлтийг оруулав.
Мөн бага насны хүүхдийг хөнөөх, хүчиндэх гэмт хэрэг, мөн улс төрд нөлөө бүхий албан тушаалтнуудтай холбоотой гурван заалтад өршөөл үзүүлэхгүй, хугацаанаас нь өмнө суллахгүй байхыг бүлэг дэмжив.