Хошууч Генерал Ч.Амарболд: Цагдаа гэдэг аль ч улс, оронд гэмт хэрэгтэй тэмцдэг, хэв журам сахиулдаг нэг л “стандарт”-тай ажил
“Монгол төрийн цагдаа” эмхэтгэлийнхээ энэ удаагийн дугаарын зочин хойморт Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболдыг урьж, хэсэг хором ярилцлаа.
Юуны өмнө танд Монгол Улсад “Генерал” цол бий болсны түүхт 79 жилийн ойн мэнд хүргэе! Та өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу?
Баярлалаа. Генералууд, алба хаагч та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе! Би таван хүүхэдтэй айлын дөрөв дэх хүүхэд болж 1956 онд төрсөн. Миний аав Ж.Чимэддорж. Өмнөговь аймгийн уугуул хүн. Нийгмийг аюулаас хамгаалах яам, цагдан сэргийлэх, арми, гадаад харилцааны системд насаараа ажиллаж, 1945 оны чөлөөлөх дайны цэрэг явсан хүн. Харин ээж маань Архангай аймгийн харьяат “Өндөр” Мятав гэдэг хүний отгон охин. Багадаа Улаанбаатарт үрчлэгдсэн гэдэг. Улсын банк болон худалдааны байгууллагад нягтлан бодогчоор ажиллаж байсан. Би ийм л аав, ээжийн хүү.
Улаанбаатар хотод төрж, өсөж, Ерөнхий боловсролын 33 дугаар дунд сургуулийг төгсөөд Цэргийн тусгай дунд сургуульд элсэн орсноор цагдаа болох зам мөр эхэлж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагатай 30 гаруй жилийг холбосон байна.
Жигдрэн жагсах жагсаалын өмнө аранзал улаан тугандаа сөгдөн анх “Дэслэгч” цол зүүж байсан тэр өдрөө эргэн санаж, өнөөдрийн алтан мөрдөстэй “Хошууч генерал” цол хүртэж байсан өдрүүдээ дурсаач? Ажиллах хугацаандаа ямар ямар алба хашиж байсан бэ?
Би 1977 онд сургуулиа төгсөж, “Дэслэгч” цолоор шагнуулчхаад Баянзүрхийн товчоон дээр автобуснаас буугаад өвөө, аав, ээж, ах, эгч, дүү нар руугаа хөл газар хүрэхгүй шахам явахдаа байн байн мөр рүүгээ хараад, мөрдсөө илж үзээд байснаа тодхон санаж байна. Тэр өдөр бол миний амьдралын хамгийн сайхан мөч, дурсамжит өдрүүдийн нэг юм. Анхны томилолт маань Хэнтий аймгийн Галшар сумын хэсгийн төлөөлөгч байв. Сонсогч, сумын хэсгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, тасгийн дарга, цагдан сэргийлэх анги, хэлтсийн дарга, Нийслэлийн цагдаагийн газрын дарга, Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч гээд бараг бүхий л албан тушаалд ажилласан. Харин одоо Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын Ахмадын хорооны даргаар ажиллаж байна даа.
Анхны томилолтоо өвөртөлж, нар хур тэгширсэн Хэнтий аймгийн дэлгэр зун Хэрлэн голын хөндийд, аймгийн Нийгмийг аюулаас хамгаалах хэлтсийн хашаанд 13 төлөөлөгчийг хүлээн авахаар барьсан шинэ гэрийн үнэр, Газ-69 машинд суулгаад Галшар суманд хүргэж өгч байсан анхны дарга хурандаа Мөнхдалай гуай, офицер цүнхэндээ цоож хийлгэх гэж анх танилцсан өвөө, эмээ. Сайхан морь унаж давхиж явсан хөндий, толгод, заяаны ханиа анх олж харж танилцсан өдрүүд гээд сэтгэлд уяатай сайхан дурсамжууд зөндөө бий.
Яг үнэнийг хэлэхэд би Монголын цагдаагийн байгууллагыг удирдана, бүр генерал болно гэж зүүдлээ ч үгүй явж. Урьдах ажлаа л хийж явсан хүн. 1996 онд намайг гэнэт л Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчаар томилж, маргааш нь “Хошууч генерал” цол олгосон. Монгол Улсын Ерөнхийлөгчид генерал хувцастай орж илтгэдэг журамтай гээд шөнөжин хувцсаа оёулж 2, 3 удаа очиж өмсөж байсан. Тэгж л генерал болж байв. Анхандаа ч нэг л сонин байсан, гүйцэд ойлгож амжаагүй байсан гэх үү дээ. Гэхдээ хариуцлага, олон хүний ажил, амьдралыг хариуцах боллоо гэдэг нь шууд мэдрэгдээд, цол, албан тушаал хоёр маань шаардаад эхэлсэн юм.
Дийлэнх залуу алба хаагчид таныг цагдаагийн байгууллагын лидер удирдагч гэж хардаг. Ажиллах хугацаандаа томоохон олон олон ажлуудыг хийж байсан. Хэр шүүмжлэл, зэмлэл хүртэж байв?
Цагдаагийн байгууллагад 30 гаруй жил ажиллахдаа их олон зүйлийг үзлээ. Хийсэн ажил маань сайн, муу болсныг цаг хугацаа, түүх, амьдрал, хүмүүс цэгнэх учиртай. Өөлүүлж, шүүмжлүүлэх тусам авах гээхийн ухаанаар хандаад урагшлахаас өөр яах билээ. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг дээ.
Миний хувьд ажлыг бүтээх, үр дүнг нь үзэхийн тулд хоёргүй сэтгэлээр, үнэнчээр зүтгэсэн. Аливаа асуудалд хүнлэг хандаж, шударгаар ажиллахыг хүсдэг. Сайн дарга нар ажил, амьдралд зааж зөвлөсөн ахлахууд, ахмадууд, хамтран зүтгэсэн найз нөхдийнхөө ач буянаар албандаа цэгцэрч, сурч, хөл алдалгүй няцаж, цуцалгүй явсан.
Өөрийгөө цагдаагийн албыг сурчихлаа гэж бодож болохгүй юм билээ. Насан туршдаа суралцдаг алба юм.
Цагдаагийн байгууллагаас алба хаагч, ажилтныхаа эрх ашгийг хамгаалах зорилгоор олон зорилтот ажлуудыг зохион байгуулдаг шүү дээ. Одоо ч мөн алба хаагчийг хөгжүүлэх, нийгмийн баталгааг сайжруулах ажлууд хийгдэж байна.
Тиймээ, цагдаагийн удирдлага, энэ залуу дарга нар алба хаагчдаа сургах, дадлагажуулах ажлыг зөв зохион байгуулах, цалин хангамжийг нь сайжруулах, ажил хийх нөхцөл боломжийг нь бүрдүүлэх, алба хаагчдынхаа эрх ашгийг хамгаалах чиглэлээр өдөр, шөнөгүй зүтгэн, их ажил хийж байгааг ахмадууд бид ойроос харж байна. Талархан хүлээн авахын зэрэгцээ бага ч болов тус дэм болохсон гэж санаа зовж сууна.
Харин боловсон хүчнийг судалж сонгох, сурган бэлтгэх асуудал анхаарал татсан хэвээр байх шиг байна. Дүрэмт хувцас өмсөөд л, эсхүл офицер болчихсоноор “цагдаа” болчихдоггүй юм. Жирийн иргэнийг цагдаад сонгож авах, цагдаагийн ажилтан болгох нь цаг хугацаа шаардсан олон хүчин зүйлтэй холбоотой. Харин иргэн, нийгэм шууд л бэлэн төгс төгөлдөр цагдааг шаарддаг.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын боловсролын түвшин нэмэгдэж, нас залуужсан гэх судалгаа бий. Залуу алба хаагч нартаа хандаж юу гэж хэлэх вэ?
Үнэхээр цагдаагийн алба хаагч болъё гэвэл албандаа “дурлах” хэрэгтэй. Цагдаагийн албанд хүн амьдралаа сайжруулах гэж, асар өндөр алдар нэрд хүрье гэж ажилладаггүй юм. Хэрвээ тийм бол цагдаагийн албанд ороод ч хэрэггүй. Аливаад хандахдаа адгаад яараад байх хэрэггүй, гэхдээ алгуурлаж болохгүй. Тайван бодох хэрэгтэй, мэдрэмжтэй байх хэрэгтэй.
Цагдаагийн алба бол шуурхай бөгөөд эр зоригийн алба юм. Буу, сумны өөдөөс аймхай хүн ордоггүй. Гэхдээ би, бид орохгүй бол өөр хэн орох билээ. Гэмт этгээдтэй шууд барилцах хүн цагдаа шүү дээ, тэгэхийн тулд зоригтой байх хэрэгтэй. Зориг гэдгийг муйхарлахыг хэлээгүй. Ур дүйтэй, ухаалаг байх нь зөв.
Болгоомжилж байна гээд хүний араар ороод байх хэрэггүй. Тулж ирсэн юмыг туулж гардаг “буцдаггүй” ажил. Бие биетэйгээ нөхөрсөг байх хэрэгтэй, хэн нэгнийхээ мөрөнд дандаа түшиг, хань болж байгаарай гэж захимаар байна.
Ярилцлагаа энэ хүрээд өндөрлөе. Та алба хаагч, ажилтан, ахмад ажилтнууд, генералууддаа хандаж сэтгэлийн үгээ хэлээч?
Монгол Улсын шинэ цагийн түүхэнд генерал цол бий болсноос хойш өдгөө 79 жил болж байна. Байлдагчийн халаасанд генералын мөрдөс бий” гэж хэлдэг. Байлдагч байхдаа генерал болно гэж мөрөөдөж байгаа юм биш. Харин хичээх юм бол бүгдэд нь тийм боломж бий гэж хэлж байгаа юм. Монголын төр энэ хүндтэй цолыг ямар нэгэн юмны шагнал, бас урьдчилгаа болгож өгдөггүй. Монголын төр энэ цолыг эдлээд зүтгэ гэж зүүлгэдэг ховорхон цол. Зүүчихсэн хойно маш “Хүнд” цол. Яг л генерал байхаас өөр аргагүй. Энэ цолны хүндлэлийг дааж явах хэрэгтэй. Бүрэлдэхүүн маань биднийг харж байгаа.
Нийт ахмадууд, генералууд, тэдний ар гэр, манай генералуудын удирдлагад ажиллаж байсан алба хаагч, ахмадууд, одоо ажиллаж байгаа нийт алба хаагч нартаа “Генералуудын өдөр”-ийн мэндийг хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье!
Ярилцсанд баярлалаа.