НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувьд хүргэх асуудлыг судлах ажлын хэсэг байгуулахыг ДЭМЖЛЭЭ
УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувьд хүргэх асуудлыг хэлэлцэж байгаа юм. УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилсан НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувьд хүргэх саналыг 100 мянган иргэн дэмжсэн. Улмаар хуулийн дагуу УИХ-д танилцуулж, уг асуудлыг судлан төсөл боловсруулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Байнгын хорооны хуралдаанд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож, танилцуулга хийв.
Улмаар Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувьд хүргэх асуудлыг судалж, дүн шинжилгээ хийж, санал боловсруулах ажлын хэсэг байгуулах санал гаргасан юм. Тэрбээр өөрөө ажлын хэсгийг ахалж ажиллах саналтай байгаагаа мэдэгдэв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Ардчилсан намын бүлэг энэ асуудлыг дэмжиж байгаа. Үнэхээр төсөвт боломж бололцоо байхгүй бол хуулийг хэлэлцэж батлаад 2025 оноос хэрэгжүүлэхээр тусгаж болно шүү дээ. Уг нь миний өргөн барьж байсан НӨАТ-ыг 10 биш 5 хувь болгон бууруулах төсөл бол маш оновчтой шийдэл байсан юм. Татвар буурснаар НӨАТ төлөгч нэмэгдэнэ. Энэ асуудлыг ч давхар хэлэлцмээр байна" гэлээ.
Улмаар НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувьд хүргэх асуудлыг судлах, дүн шинжилгээ хийх ажлын хэсэг байгуулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.