Хөвсгөл нуураас загас барихаар “НЭГ КМ ТОР“ тавьсан байжээ
Иргэд Хөвсгөл нуурт тор тавьж, хууль бусаар загас барих тохиолдол сүүлийн үед гарах болсныг тус хэсгийг хариуцсан хамгаалалтын захиргаанаас мэдээллээ. Өнгөрсөн сарын 28-нд завьтай иргэн нэг км орчим урт, томоохон хэмжээний тор тавьсан нь хамгаалалтын захиргааны камерт бичигджээ. Байгаль хамгаалагчид тухайн газарт цаг алдалгүй очиж, торыг нь авхуулсан ч 50 гаруй загас хорогдсон байсан гэнэ.
Засгийн газраас Хөвсгөлийг хамгаалах, бохирдлыг бууруулах чиглэлд ихээхэн анхаарч, нуурын ёроолд живсэн техник хэрэгслийг татан гаргах ажлыг үе шаттай зохион байгуулж буй ч орон нутгийн иргэд, аялагчид ийм байдлаар байгальд хохирол учруулсаар байгаа аж. Иймд тусгай хамгаалалттай газрынхан тогтмол хяналт шалгалт, эргүүл хийж эхэлжээ.
Ташрамд дурдахад, жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 15 хүртэлх хугацаанд орон даяар загас барихыг хориглодог бол улсын тусгай хамгаалалттай бүсэд агнуур хийх нь бүх үед хуулиар хориотой.
Эх сурвалж: unuudur.mn
|