Шууд нэвтрүүлгийн үеэр бусдын эрх чөлөөнд халдсан гэх “Б“-г саатуулжээ
Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий телевизийн студид 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн шууд нэвтрүүлгийн үеэр иргэн "Б", "Ү" нар нь хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, бусдын эрх чөлөөнд халдсан гэх "Б"-д мөрдөгч, прокурорын дуудан ирүүлэх хуудас өгсөн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй тул эрэн сурвалжилж байсан.
Тус дүүргийн шүүгчийн захирамжийн дагуу эрэн сурвалжлагдаж байсан "Б"-г өнөөдөр /2023.10.31/ саатуулжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дүгээр зүйл. Яллагдагчийн үүрэг
1.Яллагдагч дараах үүрэг хүлээнэ:
1.1.шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудсан цагт хүрэлцэн ирэх;
1.2.шүүх хуралдааны дэгийг сахих;
1.3.шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэр, хууль ёсны шаардлагыг биелүүлэх;
1.4.эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулахгүй байх;
1.5.оролцогч, бусад оролцогчид нөлөөлөхгүй байх.
2.Яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй нь хуульд заасны дагуу албадлага хэрэглэх, хариуцлага хүлээлгэх, түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл болно гэж Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.