Таны хүүхдийг хамгаалах “НУУЦАЛЬЯ“ аян явагдаж байна
Цагдаагийн Ерөнхий газрын даргын шийдвэрээр хүүхдийн аюулгүй байдлыг хангах, учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх "Нууцлья" аяныг зохион байгуулж байна.
Уг аяны хүрээнд ЕБС-ийн сурагчдад үе тэнгийн дээрэлхэлт, цахим орчинд хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийг хэрхэн таних, хүүхдэд аливаа төрлийн хүчирхийллийг үйлдэхээс хэрхэн таньж мэдэж, сэргийлэх талаар сургалт, уулзалтыг цувралаар зохион байгуулж байна.
Уулзалт, сургалтыг цагдаагийн хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд сонирхолтой хэлбэрээр, хүүхэд ойлгохуйц жишээн дээр тулгуурлан явуулж байгаа нь хүүхдүүдийн сонирхлыг, анхаарлыг их татаж байгаа талаар багш нар нь онцолжээ.
Өнөөдөр аяны хүрээнд БЗД-ийн цагдаагийн газраас Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Амгалан" цогцолбор сургуулийн 4, 9 дүгээр ангийн 220 сурагчдад сургалтыг зохион байгуулан ажиллажээ.
Эцэг, эх, асран хамгаалагчдын зүгээс хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах, урьдчилж болох эрсдэлээс хэрхэн сэргийлэх талаар тогтмол ярилцаж, санаа бодлыг нь сонсож байхыг цагдаагийн байгууллагаас уриалж байна. Учир нь хүүхэд сургуулийн орчинд аливаа зүйлийг сайн ойлгодог ч эцэг, эх асран хамгаалагч нартайгаа сурсан зүйлээ хуваалцах, ярилцах нь илүү ойлголтыг өгдөг талаар хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд хэлж байв.