Бэлэн мөнгө төлөх, орон сууцаар солих зэрэг зохицуулалтаар гэр хорооллын айл өрхүүдээс ГАЗРЫГ НЬ АВНА
Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийг хотын дарга Х.Нямбаатар танилцууллаа.
Энэ үеэр гэр хорооллын 228,000 гаруй айл өрхийг орон сууцжуулах бодлогын талаар дараах мэдээллийг өгсөн юм.
Тэрбээр "Нийслэлийн хэмжээнд 220,000 орчим айл гэр хороололд амьдарч байгаа гэх тоон мэдээлэл бий. Үүнээс гадна 8,000 гаруй айл агаарт утаа дэгдээхгүй байдлаар халаалтаа шийдэж, амьдарч байна.
Гэр хорооллыг барилгажуулах ажлын хүрээнд Баянхошуу болон Сэлбэ дэд төвийн инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц, барилга байгууламж, авто замууд бүрэн шийдэгдсэн.
Тухайлбал Баянхошуу дэд төвийн барилга угсралтын ажил эхэлсэн бөгөөд ирэх жилийн дөрөв, тавдугаар сард эхний 800 айлын орон сууц баригдаж дуусна.
Ирэх жилээс их тойруугийн түгжрэлийг сааруулах зорилгоор Сэлбэ дэд төвийн төслийг эхлүүлэхээр зорьж байна.
Долоон буудлын эцэс, Чингэлтэйн эхний буудлын нийт 158 га газар дээр 2,000 айлын нэгж талбар байгаа. Тэр хавьд амьдарч буй гэр хорооллын айл өрхийг гурван нөхцөлөөр газраа чөлөөлж өгөх зохицуулалтыг бидний өргөн барьсан хуульд оруулсан. Үүнд:
- Нэгдүгээрт бэлэн мөнгөөр газраа чөлөөлж өгөх
- Хоёрдугаарт бэлэн орон сууцаар солих
- Гуравдугаарт 24 сарын хугацаатай түрээсийн мөнгөө авч, эргээд тухайн байршилдаа буюу өөрийн газарт тохирсон байрыг нөхөн олговор болгож авах зохицуулалттай явах юм.
Ингэснээр эрх зүйн хүрээнд гацсан асуудлыг дээрх хуулиар шийдэх юм" гэлээ.