“Jet Sharing Mongolia“: Энэ долоо хоногт скүүтерүүдээ ХУРААНА
"Jet Sharing Mongolia" скүүтер түрээсийн үйлчилгээг манай улсад нэвтрүүлээд хэдийн таван сар өнгөрчээ. Тодруулбал, энэ оны тавдугаар сард анх үйлчилгээнд нэвтрүүлж байсан юм.
Тэгвэл өвлийн улирал хаяанд ирсэнтэй холбогдуулан Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өчигдөр буюу аравдугаар сарын 30-ны өдөр хуралдаж, скүүтер болон унадаг дугуй унаж, замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлах хэрэгтэй хэмээв.
Эл шийдвэртэй холбогдуулан манай улсад нийт 3000 скүүтер түрээсэлж, нийтийн хэрэгцээг хангаж буй "Jet Sharing Mongolia"-гаас үйл ажиллагааных нь талаар тодруулсан юм.
Тэдний зүгээс "Энэ долоо хоног гэхэд гудамж, талбайд тавьсан скүүтерүүдээ хурааж авна. Цаг агаарын улмаас бид хагас жилийн турш үйл ажиллагаагаа явуулахгүй. Ирэх оны буюу 2024 оны дөрөвдүгээр сараас үйл ажиллагаа үргэлжлүүлнэ" хэмээн мэдэгдлээ.