ЦЕГ: Нийслэлийн 270 сургуулийн 270 сургагч багшаар дамжуулан, хүүхдүүдэд багаас нь замын хөдөлгөөний мэдлэг боловсролыг олгоно

2023 оны 10 сарын 30

Arslan.mn

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн боловсролын газар хамтран Хүүхэд хамгаалал хөтөлбөрийн хүрээнд Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилго бүхий "Сурагчийн аюулгүй байдал-2023" сэдэвт сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

Тус арга хэмжээнд ТЦА-ны дэд бөгөөд Замын цагдаагийн газрын дарга С.Баасанжав, ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Б.Очирбат, Нийслэлийн боловсролын газрын дарга Т.Мөнх-Очир болон нийслэлийн 9 дүүргийн 270 сургуулийн 270 багш оролцож, Замын хөдөлгөөний аюулгүй байдал, хууль эрхзүйн зохицуулалт, мэргэжил арга зүйгээр дагнан мэргэшсэн эрдэмтэн доктор профессоруудын мэдлэг туршлагыг хуваалцаж байна.

Arslan.mn

Энэ үеэр ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Б.Очирбат хэлсэн үгэндээ “ Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн боловсролын газар хамтран ЕБС-ийн багш нарын оролцоо, дэмжлэгтэйгээр хүүхдүүдэд багаас нь замын хөдөлгөөний мэдлэг боловсролтой болгох, замын хөдөлгөөнд зөв дадал, хэвшилтэй оролцуулах, эцэг эх, асран хамгаалагч нарт мөн энэ төрлийн мэдлэг, мэдээллийг олгох чиглэлээр тус сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулж байна. 2018 онд БШУ-ны сайдын “Аюулгүй амьдрах ухаан” хичээлийн хөтөлбөр батлагдсан байдаг. Тус хөтөлбөрт замын хөдөлгөөний дүрмийг оруулж өгсөн. Сургалт, зөвлөгөөний дараа практикт мөн хичээл заах юм.

Энэ ажилд эцэг, эх, асран хамгаалагч нарыг татан оруулж, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийг олгох, хэрэгжилтийг хангах чиглэлээр үе шаттай ажлыг зохион байгуулна.

Цагдаагийн байгууллагаас хүүхдийг зам тээврийн осол өртөх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор School police эргүүлүүдийг тогтмол ажиллуулж байна. Энэ ажлын үр дүнд сургууль орчимд үйлдэгдэж буй гэмт хэргийн гаралт тодорхой хувиар буурсан үзүүлэлттэй байна. 2023 оны 01 дүгээр сард Сургууль орчмын бүсийн стандартын хэрэгжилтийг хангахын тулд эрсдэлийн үнэлгээг хийсэн. Энэ үнэлгээгээр стандартын шаардлага хангахгүй байх зөрчил их илэрсэн. Ялангуяа сургууль орчмын бүсэд хяналтын камер хангалтгүй байна гэсэн дүн гарсан. Тиймээс энэ чиглэл дээр анхаарал хандуулах, сургууль орчмын зам, замын бүсийн тэмдэг тэмдэглэгээг сайжруулах, нэмэгдүүлэх чиглэл дээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.” хэмээлээ.

Arslan.mn

Нийслэлийн боловсролын газрын дарга Т.Мөнх-Очир:

Нийслэлийн замын түгжрэлийн 25-30 хувийг цэцэрлэг, сургуульд хүүхдээ хүргэхтэй холбоотой ачаалал байна гэсэн судалгаа гарсан. Хотын захаас хотын төврүү хүүхдүүдийн зорчих хөдөлгөөн их байгаатай холбоотойгоор аюулгүй байдал их яригдаж байна. Сүүлийн жилүүдэд School police, Гараас гарт хөтөлбөрийг хэрэгжүүлж, үр дүн гарч байна. Тийм учраас багш нараар дамжуулан нөлөөллийн үйл ажиллагааг илүү өргөжүүлэх зорилгоор “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх” сургагч багш нарыг бэлтгэж байна. Тус бэлтгэгдсэн багш нараараа дамжуулан эцэг, эх, асран хамгаалагч нарт нөлөөлөх арга хэмжээг зохион байгуулна.

Arslan.mn

МИГ даатгал ХК-ий гүйцэтгэх захирал С.Анужин:

МИГ даатгал ХХК нь “Эрсдэлгүй ирээдүй” хөтөлбөрийг хоёр жил зохион байгуулж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд бага насны хүүхдүүдэд эрсдэлийн тухай ойлголтыг өгөх, сургагч багш нарыг бэлтгэх зэрэг олон ажлыг хийж байна. ТЦА-аас зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр маш олон ажлыг хийж хэрэгжүүлдэг бөгөөд манай компаний зүгээс тухайн ажлуудад хамтран оролцдог. Өнөөдөр зохион байгуулж буй “Сурагчийн аюулгүй байдал” үндэсний зөвлөгөөн нь ЕБС-ийн сурагч нарыг сургуулийн орчмын бүсэд байхад багш, ажилчид хэрхэн эрсдэлээс хамгаалах, хүүхдүүдэд энэ төрлийн ойлголтыг өгөх сургагч багш нарыг бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна. Энэ жил бид 80,000 хүүхдэд танхимаар хичээл орж, эрсдэлийн тухай ойлголтыг олгосон байна. Энэ сургалтанд замын хөдөлгөөний дүрмийг танин мэдэх сургалт ордог. Тийм учраас сургалтыг ТЦА-тай хамтран зохион байгуулдаг.

Үүнээс гадна бид зургаан сургуулийн бүсэд замын гарц, тэмдэг тэмдэглэгээг сайжруулах, камержуулах зэрэг ажлыг хийж байна.

Arslan.mn

ХУД-ийн 110 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Б.Хүрэлбаяр:

Сургуулийн нийгмийн ажилтан нь хүүхэд хамгаалах, хүүхдийг хөгжүүлэх ажилд чухал оролцоотой оролцдог. Сурагчдын хувьд замын хөдөлгөөнд оролцохдоо мэдлэг, мэдээлэл дутмаг байдаг. Тиймээс сургуулийн багш, нийгмийн ажилчдад энэ төрлийн мэдлэг мэдээллийг өгч, биднээр дамжуулан хүүхдүүдэд энэ төрлийн мэдлэг, мэдээллийг олгох сургалт өнөөдөр болж байна.

Сүүлийн жилүүдэд School police буюу эцэг, эх, асран хамгаалагч нарыг эргүүлд гаргах, бага ангийн хүүхдүүдийг Гараас гарт буюу багш хүүхдүүдийг асран хамгаалагч нарт хүлээлгэн өгөх ажил хийгдэж байна. Үүнээс гадна “Шар дарцаг” аяныг хэрэгжүүлэхээс гадна замын тэмдэг, тэмдэглэгээг сайжруулах, сургууль орчмын камержуулалтыг хянах зэрэг ажлыг хийж байна. Манай сургуулийн орчимд төв зам байдаг учраас камержуулалтыг хийж өгсөн. Тус камерын тусламжтайгаар сургууль орчимд үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэхэд ашиглаж байна.

Arslan.mn

Түүнчлэн Тээврийн цагдаагийн алба холбогдох байгууллагуудтай хамтран “Сурагчийн аюулгүй байдал” гарын авлага бэлтгэн сургагч багш нарт гардуулснаараа онцлогтой юм.

Тус сурах бичиг нь хүүхдэд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгохоос гадна багш нарт замын хөдөлгөөний хичээлийг заах гол хэрэглэгдэхүүн болно.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652318
0 эможи

keyboard_arrow_up