“S Outlet“ дэлгүүрийг нурааж, тэдэнд өөр газар олгоно
Үерийн даланг өөрчилж, голын онцгой хамгаалалтын бүсэд барьсан гэх шалтгаанаар Авлига хороолол буюу "Акуа гарден" хотхоны хоёр блок барилга, "S Outlet" дэлгүүр, "Шунхлай" ШТС-ын барилгыг албадан нураах нийслэлийн Засаг даргын захирамжийг өнгөрсөн найдмугаар сарын 30-ны өдөр хүргүүлсэн байдаг.
Тэгвэл "Шунхлай" ШТС, "S Outlet" дэлгүүрийн барилгыг өнөөдөр /2023.10.27/ нураах ажлыг эхлүүлж байна.
Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг, "S.Outlet дэлгүүрийн газар эзэмшигч болон үл хөдлөх хөрөнгө эзэмшиж буй компанийн төлөөлөлтэй уулзсан. Харилцан тохиролцох байдлаар газраа чөлөөлөх асуудлыг урьдчилсан байдлаар ойлголцсон. Шүүхийн маргааныг хүлээвэл сунжирсан, хугацаа авах зүйл болох гээд байгаа юм. Иймд гүүрний хэсэгт байгаа хоёр давхар байшинг нураах ажлыг эхлүүлэхэд татгалзахгүй гэж "S.Outlet" дэлгүүрийн болон газар эзэмшиж байгаа хүмүүс хэлсэн. Мөн тус дэлгүүрт дахин газар олгох асуудлыг хэлэлцэж байна" гэлээ.
Түүнчлэн дэлгүүрийн ажилчид барилга нураахыг эсэргүүцэж, барилгын гадна жагсаж байлаа. Тус ажилчдаас мэдээллийг тодруулахад, "Манай дэлгүүр голын голдрилыг өөрчлөн барьсан гэдэг худлаа. Сонгууль дөхөж байгаа учир улс төрчид худлаа шоу хийж байна" гэсэн юм.