Ж.Эрдэнэболд: Татвараас зайлсхийсэн 1578 зөрчлийг илрүүлэн, нөхөн төлүүлж, ТОРГУУЛИЙН арга хэмжээ авсан
Гаалийн ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, бусад цаг үеийн асуудлаар ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газрын дарга Ж.Эрдэнэболд, ГЕГ-ын Хяналтын нэгдсэн төвийн дарга Ц.Хатанболд нар мэдээлэл өгч байна.
Энэ үеэр Зөрчилтэй тэмцэх аюулгүй байдлын газрын дарга Ж.Эрдэнэболд "2023 оны эхний 10 сарын байдлаар Гаалийн байгууллага нь улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон хязгаарласан барааны хууль бус эргэлттэй тэмцэх, худалдааны луйвар, татвараас зайлсхийх хэрэг, зөрчилтэй тэмцэх ажлын хүрээнд нийт 1578 зөрчлийг илрүүлэн ажилласан.
Үүнээс 32 үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл байсныг холбогдох хууль, хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн.
Тухайлбал,
- 17 удаагийн үйлдлээр 5 нэр төрлийн 2630 хүн тун мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг нэвтрүүлэхийг завдсан,
- 2 үйлдлээр нийт 4,591 грамм алтан гулдмай,
- 6 үйлдлээр түүх соёлын өв, дурсгалт зүйл,
- 1 үйлдлээр 375 килограмм химийн бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг гаалийн гаалийн хяналт шалгалтын явцад болон холбогдох хууль сахиулах байгууллагуудтай хамтран илрүүлэн хураан авч, хууль хяналтын байгууллагад шилжүүлэн ажиллаж байна.
"24 боомтод 1700 орчим хяналтын камер бүхий телехяналтын нэгдсэн системээр зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох арга хэмжээг авч байна"
ОХУ-тай хил залгаа 10 боомт, БНХАУ-тай хил залгаа 13 боомт, агаарын 1 боомт нийт 24 боомт болон 160 орчим гаалийн хяналтын бүсэд 1700 орчим хяналтын камер бүхий телехяналтын нэгдсэн системээр гаалийн болон бусад зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр ажиллаж байна.
Гаалийн хяналт бүрдүүлэлтийн үйл явцад телехяналтын нэгдсэн систем, Гаалийн автоматжуулсан систем дэх онилгооны программыг ашиглан гадаад худалдаа эрхлэгч, гаалийн харилцаанд оролцогч нарын хууль сахилтын түвшинг дээшлүүлэх, хориглосон хязгаарласан барааны хууль бус эргэлт, гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийх зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох зорилгоор цогц онилгоо, дахин шалгалтыг хэрэгжүүлэн ажиллаж байна .
Өөрөөр хэлбэл гаалийн байгууллагаас гаалийн хяналт бүрдүүлэлтийн явцад болон гаалийн хяналт шалгалт дууссаны дараа холбогдох хууль тогтоомжийн хүрээнд тодорхой мэдээлэл, судалгаа, дүн шинжилгээнд тулгуурлан улсын хилээр хууль бусаар хориглосон болон хязгаарласан барааг нэвтрүүлэхийг завдсан, нэвтрүүлсэн татвараас зайлсхийсэн байж болзошгүй сэжигтэй гаалийн бүрдүүлэлт, бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн дахин шалгалтыг хийж ажилдаг.
Мөн Гаалийн зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газар болон Хяналтын нэгдсэн төвөөс сүүлийн 1 сарын хугацаанд харьяа гаалийн хороодод мэргэжлийн арга зүйн дэмжлэг үзүүлэх, гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “ТӨВ” ажиллагааг хэрэгжүүлж ажиллаж байна.
Энэхүү ажиллагааны хүрээнд импортын гаалийн бүрдүүлэлтийн 0,42 хувьд онилгоо хийж дахин болон хамтарсан хяналт шалгалт хийж ажиллахад нийт онилгооны 70,3 хувьд нь зөрчил дутагдал илэрлээ.
Дээрх нөхцөл байдлаас үндэслэн гаалийн байгууллагаас цаашид хууль бус барааны эргэлттэй тэмцэх, худалдааны луйвар, татвараас зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажлыг сайжруулах зорилгоор сэжигтэй гаалийн бүрдүүлэлт, бараа, тээврийн хэрэгсэлд хийх онилгоо, дахин шалгалтыг нэмэгдүүлэн ажиллах болно." гэв.