8-р сарын 1-ний 00:00 цагаас эхлэн аналоги системийг бүрэн зогсооно
Өнөөдөр Монгол орон даяар тоон системд шилжих нээлтийн үйл ажиллагаа есөн цагт Чингисийн талбайд боллоо.
Тус нээлтийн үйл ажиллагаанд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамба, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Балгансүрэн, Монголын Телевизүүдийн Холбооны гүйцэтгэх захирал М.Уламбадрах, Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар болон бусад ноёд төлөөлөгч нар оролцлоо.
Манай улсын Засгийн газар 2010 оны 275 дугаар тогтоолоор "Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр"-ийг баталсан бөгөөд уг хөтөлбөрт 2014 оны 7-р сарын 31-ны өдөр аналоги өргөн нэтрүүлгийг тоон системд шилжүүлэхээр заасан. Мөн дэлхий дээр тоон телевизийн үндсэн 4 стандарт хэрэглэгдэж байгаагаас манай улс Европын стандарт болох DVB-T2-ийг телевизийн өргөн нэвтрүүлгийн газрын дамжуулах сүлжээндээ сонгон авч ашиглахаар шийдвэрлэсэн байдаг юм байна.
Өнөөгийн байдлаар Улаанбаатар хотод 10, орон нутагт 244 тоон телевизийн дахин дамжуулах станцыг суурилуулан асаахад бэлэн болсон бөгөөд цаашид энэ оны 8 сард багтаан 117 сум, сууринд тоон станцыг суурилуулж, Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийг хамарсан тоон телевизийн газрийн сүлжээтэй болохоор Мэдээлэл технологи, шуудан харилцаа холбооны газар идэвхитэй ажиллаж байна.