“ХУШИН ОЙГОО ХАМГААЛЪЯ” эсээ бичлэгийн уралдааны ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮД

2023 оны 10 сарын 25

Arslan.mn

Монгол орны хушин ойн талаар олон нийтэд мэдлэг, мэдээлэл түгээх зорилгоор Ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчдын дунд эсээ бичлэгийн уралдааныг зарласан. Монгол орны өнцөг булан бүрээс нийтдээ 758 сурагч бүтээлээ ирүүлсэн бөгөөд шилдгүүд тодорсон. Бид эсээ бичлэгийн уралдааны шилдэг 15 нь бүтээлээс цувралаар хүргэж байна.

“ХУШИН ОЙГОО ХАМГААЛЪЯ” /9. Дорноговь Сайншанд сумын Зүүнбаян багийн 4-р сургууль 12а ангийн сурагч Э.Марал-Эрдэнэ.

Хушин ой нь жилээс жилд хүмүүс бидний амин хувиа бодсон буруутай үйл ажиллагаанаас болж гэмтэж бэртэж устахад ойртож байна. Хүмүүс бид нар ухаж биш ургуулж байгалийн баялгийн үр шимийг хүртэх боломжтой. Бид хуш модноос самар түүхдээ модыг гэмтээхгүй түүх технологийг гаднаас импортоор оруулж ирэх эсвэл мөнгө зардлаа хэмнэж дотооддоо аюулгүй самар түүх багаж хэрэгсэл зохион бүтээх хэрэгтэй гэж би бодож байна. Энэ арга бүтвэл хүмүүсийн балмад хэрцгий үйлдэл нь багасна. Тиймээс хүн бүр мод гэмтээхгүй түүдэг технологийг худалдан авахад боломжтой үнээр худалдаанд гаргах хэрэгтэй.

Манай оронд 612.900 га талбай бүхий хушин ой ургадаг. Улсын хэмжээний ойн санг 100% гэж үзвэл дөнгөж 5.2%нь хуш мод бөгөөд сүүлийн 10 жилд хушин ойн талбай 12%-иар багассан гэхээр хушин ойг дээд зэргээр анхаарч, хамгаалах шаардлагатай. Өнөөдрийн байдлаар нийт хушин ойн 37% болц гүйцсэн хөгшин ой, 52% нь болц гүйцсэн ой, үлдсэн 12% нь залуу болон дунд насны ой эзэлж байгаа бөгөөд уур амьсгалын өөрчлөлт болон хүний буруутай үйл ажиллагааны улмаас сүүлийн 10-н жилд хушин ойн талбай 12,3 хувиар багасаж 9,6 их наяд төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учирсан байна (Ойн судалгаа хөгжлийн төв, 2020) Хушны самрыг цайруулаад гадагш нь гаргадаг тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүд 2020 онд 13,000 тн ястай самрыг экспортод гаргаснаар 100 орчим сая долларыг Монголд оруулж ирсэн бөгөөд тухайн онд 40,000 орчим хүн самар ойгоос олдворлох үйл ажиллагаанд оролцож, амьжиргаандаа нэмэр болсон байдаг. 2022 оны байдлаар үрлэх чадвартай хуш мод бүр багадаа 2-3 ширхэг, ихдээ 56 удаагийн мунадуулсан халцархайтай, давирхай гоожсон байдалтай байгаа нь цаашдаа хатаж үхэх, хөнөөлт шавжийн голомт болох, их үрийн жилийн давтамж холдох, хуш модны үрлэх чадвар буурч байна. Манай ойн анги, мэргэжилтнүүд судалгаагаа маш сайн тооцож гаргадаг ч ууланд очсон хүмүүс тухайн нөөцөөс талыг нь зэрлэг амьтдын идэш, тэжээлийн нөөцөд үлдээнэ гэсэн ойлголт огтхон байдаггүй. Хамгийн их нөлөөнд орсон нь Хангайн нуруу, тэр дундаа Архангай, Өвөрхангай, Завхан, Хөвсгөл аймгууд байна. Мөн хуш мод нь шилмүүст модноос хамгийн удаан ургадаг, нөхөн сэргэлт бага, үржил удаан, хүний гараар тарьж ургуулахад асар их зардал, цаг хугацаа, арчилгаа шаарддаг. Тиймээс ойн дагалт баялаг нэрээр самар түүж мод гэмтээх, цаашлаад эко системд учруулж буй хор хохирлыг бууруулахад зөв шийдвэр, үр дүнтэй гарц гаргалгаа үгүйлэгдэж байна. Самарчид хуш модны самрыг түүхдээ модыг хүчтэй цохих, сүхдэх зэргээр холтсыг гэмтээх, түншүүр буюу хатуу биетээр модыг доргиож самар түүх нь хуш модыг гэмтээж, үүнээс үүдэн моддын 20 хувь нь амьдрах чадвараа алддаг байна. Мөн хуш модны самрын болц гүйцээгүй байхад нь түүснээс үүдэн мод мөхөх, улмаар экологийн тэнцвэрт байдал алдагдах аюултай. Хушны самар нь ой хөвчийн олон ан амьтадын амин чухал хоол, тэжээл тарга хүчээ авч тэнхээрч, амьдарч байдаг хүнс нь юм. Баавгай самаргүй жил өлсөж, үхэлтэй тэмцэн, алалдаж байгааг харахад самрыг нь түүгээд цөлмөчихсөн газраас бусад олон амьтад дүрвэн зайлж, амьдрах газар идэх хоолгүй болж үхэж, үрэгдэж, хорогдож байгаа нь тун хөөрхийлөлтэй. Хушин ойн самрын нөөцийн 70 хувийг байгальд нь үлдээгээд, 30 хувийг нь түүхэд хушин ойн байгалийн экологийн тэнцвэрийг хадгалах, нөхөн сэргэхэд нь онц харшлахгүй гэсэн дүгнэлтийг эрдэмтэд хийдэг. Гэвч харамсалтай нь бид Хятадын бодлогоор, хувийн ашиг сонирхол их мөнгөтэй болох хүслээр 100 хувь цөлмөдөг. Иймээс хушин ойн мод устана гэдэг маань цаагуураа бас амьтад маань өлсөж үхэхийг илтгэж байна. Манай хушны самар хүнс, тэжээл, эмчилгээний болон олон талын өндөр ашигтай. Идээний найрлагад нь 60 хувь тос, 20 хувь уураг байхын зэрэгцээ олон төрлийн амин дэм, эрдэс бодисууд агуулагдаг. Хуш модны самар 4-5 жилийн хугацаанд ямар нэг хэмжээнд ургадаггүй биологийн онцлогтой ургамал. Нэн тэргүүнд хуш модноос самар түух арга технологийг тогтоож, албажуулсны дараа зөвшөөрөл олгодог болох ёстой. Хушин ойн байгалийн сэргэн ургалтад туслах ажиллагаанд самар олдворлогчдыг өргөнөөр татан оролцуулах хэрэгтэй байна. Нэг модноос дунджаар 60-90 ширхэг боргоцой, нэг боргоцойноос 90-120 ширхэг самар олдворлодог гэсэн судалгаа байдаг. Самар олдворлогчид нэг модноос авсан боргоцойны үрийг хүртэж байгаа нүгэл, буян заяагаа бодож орчинд нь газар хонхойлоод шороонд булчхаж болно шүү дээ. Гагцхүү зөв зохион байгуулж, хяналт тавьж, тарих аргачлалыг нь зааж өгвөл болох зүйл. Арван боргоцой газарт суулгахад мянган хуш таригдана гэсэн үг, энэ ажлыг зөвшөөрөл өгөгчид хураамж авагчид ойн нөхөрлөлүүд зохион байгуулж хийчих боломж нь байгаа. Унаад хаягддаг самрыг туухэд болохгүй нь юу байх вэ гэсэн хувиа бодсон богинохон сэтгэлээр хандаж болохгүй. Самар ургах гэж, мод болох гэж, ойн амьтдаа тэжээж тэтгэх гэж үрээ хайрладаг юм.Ажилгүй, амьдрал ядуу гэх хүмүүс нэг хэсэгтээ цөөхөн хушны самраар тэжээгддэгээ зогсоож амьдралд нь тус нэмэртэй өөр эх үүсвэртэй болох хэрэгтэй.

Эцэст нь хэлэхэд, хуш модон ойгоо хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй байж ургадаг баялагтаа эзэн болох, самар түүх,зарах бүх шат дамжлага бүрд нь татвар ногдуулдаг болох, экспортод гарч буй ширхэг самар бүрд татвар оногдуулж төсөвт нэмэр болдог байх, самар цайруулагч компани аж ахуйн нэгж бүхэн тодорхой тооны ажилтан албан хаагчидтай байх, тэднийхээ нийгмийн даатгал асуудлыг шийддэг байх, төлөх ёстой татвар хураамжаа төлдөг байх гэхчлэн хууль ёсны шаардлагуудыг тавьж, хэрэгжилтийг чанд мөрдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Бид хушин ойгоо хамгаалахын тулд ойн хамгаалагч нарын тоог нэмэгдүүлж тэднийг илүү хариуцлагатай ажиллуулах хэрэгтэй байна. Мөн самар түүж гадагш экспортлохгүй байж завсарлагаа авч 3-н жил самар түүж дараагийн 3-н жил самар огт түүж болохгүй хуультай болох хэрэгтэй. Хушин ойг яагаад Дархан цаазат болгон хамгаалж болохгүй гэж. Бид самар идэхгүй байлаа гээд үхчихгүй, зарахгүй байлаа гээд ядуурчихгүй шүү дээ. Бид л энэ ой модоо хайрлан хамгаалж хойч үедээ үлдээх үүрэгтэй. Тиймээс хүн нэг бүр ой модоо хамгаалж гамнаж “Тэрбум мод хөтөлбөрт нэгдэцгээе”.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652156
1 эможи

keyboard_arrow_up