Б.Лхагважав: НӨАТ-ын буцаалтыг тав биш, 7-8 хувь болгох хэрэгтэй, боломж БҮРЭНИ БИЙ

2023 оны 10 сарын 25

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч асан, эдийн засагч Б.Лхагважавтай ярилцлаа.

-НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг хоёр хувиас таван хувь болгох асуудал яригдаж байна. Та өнөөгийн НӨАТ-ын системийг санаачилж байсан хүний хувьд ач холбогдлыг нь тайлбарлана уу?

-Монгол Улс 2006 онд татварын дөрвөн 10-ын бодлогыг баталснаар татваруудаа бууруулсан. Үүний дагуу 2007 онд Татварын ерөнхий хуулиа мөн өөрчилсөн. Нэг ёсондоо 1993 оноос хойш хэрэгжиж эхэлсэн татварын системээ 2006-2007 онд бүтэн өөрчилсөн. НӨАТ-ын хувьд 1997 онд анх батлагдахдаа дэлхийн жишгээс гажууд, нэмүү өртгийн татварын бүртгэлийн системийг нэвтрүүлж чадаагүй байсныг 2015 шинэчилснээр иргэд төлсөн татварынхаа 20 хувийг буцааж авах боломжтой, өнөөгийн тогтолцоо бий болсон.

Ингээд 2016 оны сүүлээс эхлээд манай улсын татварын орлогууд нэмэгдээд эхэлсэн. Аж ахуйн нэгжүүд, иргэдийнхээ тусламжтайгаар ажил хийж байгаа бүх орлогыг бүртгэж, татвараа үнэн зөвөөр авч эхэлсэн гэсэн үг. 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хууль хэрэгжиж эхлэх үед улсын хэмжээнд 1600 ширхэг кассын машин байсан. Өөрөөр хэлбэл, 2001 оны батлагдсан хуулийн дагуу “Ажил үйлчилгээнд кассын машин хэрэглэнэ” гэж зааж өгснөөс хойш, 2016 он хүртэл Монгол Улсын хэмжээнд бий болсон кассын машины тоо 1600 байсан юм. Энэ тоо эхний жилдээ 100 мянга болсон. Одоо 400 мянгад хүрсэн. Өөрөөр хэлбэл, бид НӨАТ-ын одоогийн системийг 7 жилийн хугацаанд маш сайн бэхжүүлж чадсан. Үүнд манай иргэд хамгийн сайн оролцсон гэдгийг хэлэх хэрэгтэй. Харин одоо бид энэ системээ дараагийн шатанд оруулж, ашиглах хэрэгтэй байгаа юм.

-Дараагийн шатанд гэдгийг тодруулбал?

-НӨАТ-ын бүртгэлээр бусад татварын орлого ихэсгэдэг систем юм. Өөрөөр хэлбэл, НӨАТ бол бүртгэлийн систем. Монголын НӨАТ-ын систем 2016 оноос хойш яг зөв явсан. Энэ жишгийг бусад улс орнууд ч сонирхож байгаа. Тэгэхээр асуудал юунд байна вэ гэхээр, энэ бүрдсэн системийг цааш нь хөгжүүлж чадаагүй байна. Одоо бол иргэддээ хоёр хувь байтугай бүр 6-7 хувийг ч буцааж өгч болно. 

-Тийм боломж байгаа юу?

-НӨАТ-ыг гурван этгээд төлж байгаа. Иргэн, аж ахуйн нэгж, дээрээс нь төр өөрөө төлж байгаа. Бид энэ гурван субъектээс ганцхан иргэнд л буцааж өгдөг системийг хийсэн. Гэтэл НӨАТ-ыг эцсийн эцэст иргэн л төлж байгаа. Аж ахуйн нэгж биш. Гэхдээ бүртгэл нь мөнгөн сууриар ашиглахгүй болохоор буруу болчхоод байгаа юм. Мөнгөн суурь гэдэг нь мөнгө олж ирсэн үед л орлого гэж хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Тийм учраас аж ахуйн нэгжүүд НӨАТ-ынхаа тайланг мөнгөн сууриар хийх ёстой. Одоо аж ахуйн нэгжүүд аккруил сууриар явж байгаа. Энэ нь орлогоо гурван янзаар ангилаад, тэрний аль түрүүлж ирснийг нь орлого гэж авч үздэг. Нягтлан бодох бүртгэл олон улсын хэмжээнд тэгж явдаг. Гэхдээ НӨАТ-ын бүртгэл бол мөнгөн сууриар явах буюу аж ахуйн нэгж мөнгөн орлого олж ирээгүй байхад, түүнийг орлого гэж тооцохгүй. Энэ ерөнхий системийн асуудал юм. Яг иргэн рүү хандуулбал, манай улсын хэмжээнд 1.2 сая иргэн жилдээ 12 их наяд төгрөгийн цалин авч байгаа. Жишээ нь, та цалингаа авахдаа ХХОАТ, нийгмийн даатгал гээд бүх татвараа төлдөг. Ингээд бүх татвараа төлөөд, гар дээрээ 1.5 сая төгрөг авлаа гэж бодъё. Ингээд дэлгүүрт орж, анхны үйлчилгээ авахаасаа эхлээд, дахиад НӨАТ-ын 10 хувийг төлөөд байгаа юм. Нэг ёсондоо та бүх татвараа төлчхөөд, дахиад дэлгүүрээс юм худалдан авах, өөр янз бүрийн үйлчилгээ авахдаа дахиад 10 хувийн татвар төлж байгаа нь дэндүү харгис байгаа биз.

-Тэгэхээр манайх их өндөр татвартай байна шүү дээ?  

-Та бод доо, бүх татвараа төлчхөөд, дахиад үйлчилгээ авах гэхээр бас 10 хувийн татвар төлөөд байна шүү дээ. Дэндүү өндөр учраас буцаан олголтыг нь тав, тэр байтугай 7-8 хувь болгосон ч болно гэж би үзэж байгаа. Энэ бол иргэндээ хандсан хандлага. Иргэнийхээ тусламжтайгаар бид орлогоо бүртгээд авчихна. Тэгэхээр нэгдүгээрт, иргэн бол бүртгэлийн л ажил хийсэн учраас бага мөнгө төлөх ёстой. Хоёрдугаарт, НӨАТ-ын системийг ашиглаад, мөнгөний урсгалыг зохицуулж болно. Өөрөөр хэлбэл, хаана мөнгө эргэлдэж байна, тэр зах зээлийн сегментийг онцолж, урамшууллаа ахиухан өгөх замаар хар мөнгийг илрүүлдэг. Жишээ нь, орон сууцны зах зээл дээр 4-5 их наяд төгрөг эргэлдэж байна, зарим нь бүртгэлгүй байна гэх шүүмжлэл бий. Тэгвэл жишээ нь орон сууц худалдаж авсан тохиолдолд иргэн хүн НӨАТ-аа 100 хувь эргүүлэн авдаг байж болно. Тэгэх юм бол барилгын салбарын бүх мөнгөн гүйлгээ ил тод гараад ирнэ. Хоёрдугаарт, Улаанбаатарт бизнесийн 60-70 хувь нь төвлөрч байна гэх асуудал. Үүнийг задалъя гэвэл, Улаанбаатараас гадна НӨАТ-тай үйлчилгээ авбал, 70-80 хувиа буцааж авч болно гэх ч юм уу. Үүгээр дамжаад хөдөө орон нутагт байгаа бизнесийн мөнгөн урсгалууд ил тод болно гэсэн үг. Эдгээр нь зөвхөн иргэн талдаа хийж болох зохицуулалтууд юм.

-Тэгвэл аж ахуйн нэгжүүдийн хувьд?

-Аж ахуйн нэгжүүдийн хувьд НӨАТ-ын бүртгэлийг мөнгөн суурьт шилжүүлэх хэрэгтэй. Түүнчлэн гааль дээр авч байгаа НӨАТ-ыг зогсоох хэрэгтэй. Гаалийн систем өөрийн гэсэн зорилготой, тэрэндээ нийцсэн таван хувийн татвараа л авахад хангалттай. Бараагаа бүртгүүлээд, оруулж ирснийхээ л татварыг төлнө гэсэн үг. Аж ахуйн нэгжүүдийн хувьд бараагаа борлуулаад, тэндээс мөнгө орж ирсний дараа НӨАТ-аа төлнө гэсэн үг. Энэ системийг бид хийх цаг нь болсон. Манай гааль дээр НӨАТ авдгаас шалтгаалаад, авлига салдаггүй. Тэгэхээр авлигыг устгахад ч ашигтай. Энэ нь аж ахуйн нэгжүүдийг янз бүрийн дарамтаас чөлөөлөх байх. Аж ахуйн нэгжид хамаарах бас нэг зүйл бол зах зээл шударга байх ёстой. Татвараа төлж байгаа нь зах зээл дээр тоглогч байх ёстой. Гэтэл өнөөдөр маш олон салбар НӨАТ битгий хэл бусад татвар төлөхгүй байна. Гуравдугаарт, төртэй холбоотой асуудал бий. Төр авлигаас салъя гэж их ярьдаг. Авлига гэдэг бол нийтийн мөнгийг нийтэд зарцуулахдаа дундаас нь авч байгаа хууль бус мөнгө шүү дээ. Үүнийг шийдэхийн тулд төр өөрийнхөө төлсөн НӨАТ-ыг 100 хувь буцааж авах юм. Төрийн тендер, концесс, ажил үйлчилгээ гээд НӨАТ-тай юм худалдан авч байгаа. Төр өөрийнхөө төлсөн НӨАТ-ыг 100 хувь буцааж авснаар тендер, концесс, худалдан авалтаар явж байгаа мөнгөний урсгал ил тод болж, авлига байхгүй болно.

-НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлснээр эдийн засагт гарах сөрөг болон эерэг үр дүнгийн талаар юу гэх вэ, нэг талдаа энэ нь татварын орлогод сөргөөр нөлөөлнө гэх зэрэг шүүмжлэл бас өрнөж байна шүү дээ?

-Аль 2016 онд л энэ системийг анх нэвтрүүлэхэд татварын орлого бүрдэхгүй гэж байсан. Одоо ч ярьж л байна. Гэтэл 2016 онд энэ системийг нэвтрүүлсний дараа, тухайн жилд нь татварын орлого 500 тэрбум төгрөгөөр давж биелсэн. Тэрнээс хойш жил бүр 1 их наядаар давсан. Ковидын үед хүртэл татварын орлого давж биелсэн. Уул уурхайн салбараа хасаад тооцвол, энэ орлогын өсөлт нь үйлчилгээний салбартай л холбоотой байгаа. Тийм учраас одоо орлого бүрдэхгүй гэдэг гэнэн ойлголтоосоо салах хэрэгтэй. Ер нь НӨАТ бол ажил үйлчилгээг бүртгэх систем. Өөр юу ч биш. Харин бусад татварууд өөр өөрийн гэсэн зорилготой. Гэтэл та жишээ нь цалингаа авахдаа бүх татвараа төлчхөөд, үлдсэн мөнгөнөөсөө дахиад 10 хувийн татвар төлөөд байна шүү дээ. Тэгэхээр 50 хувийг буцааж олгоно гэдэг бол бага хэмжээ. Шаардлагатай бол тухайлсан салбар, аймаг орон нутагт 100 хувь буцааж олго л гээд байгаа юм. 

Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652141
0 эможи

keyboard_arrow_up