Т.Сүхболд: Өнгөрсөн амралтын өдөр зургаан хүүхэд алга болж, тавыг олсон
Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболд өнөөдөр /2023.10.24/ 13 настай охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Т.Сүхболд "Өнгөрсөн амралтын өдөр зургаан хүүхэд алга болж, тавыг олсон. Нэг хүүхдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Насанд хүрээгүй хүүхдүүд эцэг эх, найз нөхөдтэйгөө маргалдсан шалтгаанаар гэрээсээ алга болж байна. Бас найзынхаа гэрт хоноод эцэг, эхдээ хэлдэггүй асуудал ч байна.
Эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналт сул, хүүхдүүд нь дураараа гадуур явдаг асуудлаар өдөр тутам цагдаагийн байгууллагад ханддаг. Бид дуудлага мэдээллийн дагуу аль болох хурдан шуурхай ажиллаж, хүүхдийг эрэн хайдаг. Эрэн хайх ажиллагааг явуулахад олон алба хаагч оройн цагаар ажиллаж, машин техникийг шатахуунаар хангах гэх мэт хүндрэл учирдаг. Манай байгууллагаас камержуулалтын дэд бүтцийг сайжруулах тал дээр анхаарахыг нийслэлийн Засаг дарга, Хууль зүй, дотоод хэргийн яам, орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдөд хандаж, албан бичиг хүргүүлсэн.
Нийт хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулах шаардлагатай байна вэ, торгуулийн орлогоос 20 хүртэлх хувийн төсвийг камержуулалтад зарцуулаач гэсэн саналыг хүргүүлсэн" гэлээ.