Нийслэлийн хэмжээнд цэрэг татлагын есөн цэг ажиллаж байна
Нийслэлийн хэмжээнд 2023 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага өчигдрөөс эхэллээ. Цэрэг татлага есөн дүүргийн хэмжээнд дөрөв хоног үргэлжлэх ажээ.
“ЦЭРГИЙН АЛБАНД ТАТАГДАХ СОНИРХОЛ ЗАЛУУСЫН ДУНД ИХ БАЙНА”
XIV сургууль дээр цэрэг татлагын байранд очиход үзлэгтээ тэнцэж, цэргийн албанд татагдахаар болсон залуус болон тэднийг гаргаж өгөхөөр догдлон зогсох ээж, аавууд ирсэн байв. Цэргийн алба залууст хүмүүжлийн сайн суурь олгодог. “Өнөөгийн ардчилсан нийгэмд залуучуудыг сайн өрхийн тэргүүн болох суурь нөхцөлийг бүрдүүлж өгдөг” гэж Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай цэрэг татлагын үйл ажиллагаатай танилцахдаа хэлсэн юм. Тэрбээр “Орон нутгийн цэрэг татлага энэ сарын 16 нд эхэлсэн. Цэргийн алба хаах нь ирж буй залуус жилээс жилд нэмэгдэж байгаад баяртай байна. Өнгөрсөн жилийн цэрэг татлагад 22 хувь нь эрүүл мэндийн шалтгаанаар тэнцээгүй. Харин энэ жил энэхүү үзүүлэлт 9.2 болж буурсан. Жил бүр эрүүл мэндийн асуудалд аймаг, орон нутгийн цэргийн штаб, эрүүл мэндийн байгууллага, засаг захиргааны байгууллага хамтран залуучуудын эрүүл мэндэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Үүний үр дүнд дээрх үзүүлэлт сайжирч байна. Гэвч анхаарал татсан хэд хэдэн өвчин нэмэгдэж байна. Үүнд, зүрх судас, сэтгэцийн өвчлөл давамгайлж байгааг анхаарах цаг болжээ. Энэ жил цэрэг татлагад орон нутгийн залуучууд өргөн хамрагдлаа. Эх орноо хамгаалах, цэргийн албанд татагдах сонирхол залуусын дунд их байна” гэсэн юм. Салбарын дэд сайд өнгөрсөн жилүүдэд цэргийн албанд оюутнууд татагдах нь элбэг байсныг онцлоод тухайн оюутан цэргийн алба хаах хугацаандаа хичээлээ цахимаар үзсэнийг дуулгасан юм. Энэ нь цаашдаа хэрэгжүүлэхэд боломжтой арга болохыг хэлж байв.
ЦЭРГИЙН АЛБА ХААХААС ГАДНА НАРИЙН МЭРГЭЖИЛ ЭЗЭМШИХ БОЛОМЖТОЙ
Энэ үеэр Батлан хамгаалах салбарынхан зэвсэгт хүчний салбарт үүсээд байгаа асуудлуудыг шат дараатай шийдэж, цэргүүдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулан ажиллах болно гэж онцолж байсан юм. Ялангуяа албаа хааж буй залуучуудыг нэг жилийн хугацаанд нарийн мэргэжил эзэмшүүлэх зорилгоор МСҮТ- тэй хамтран ажиллаж эхэлсэн ажээ. Тиймээс залуус нэг жилийн хугацаанд цэргийн алба хаахаас гадна нарийн мэргэжил эзэмших боломжтой болж байна. Мөн Батлан хамгаалах яамнаас жилд гурван аймаг сонгон “Бидний бахархал” төслийн хүрээнд Монгол Улсын батлан хамгаалах салбарын сурталчилгаа хийдэг. Энэ нь эх оронч үзлийг төлөвшүүлэх, цэргийн алба хаахын ач холбогдлыг таниулж ойлгуулах зорилготой юм аа. Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Цэргийн насны залуучуудыг Үндсэн хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу цэрэг татах үйл ажиллагааны адил цэргээс халагдах үйл ажиллагаанд нь анхаарах хэрэгтэй. Учир нь цэргийн албанд татагдаж буй залуучуудыг халагдаж ирэхэд нь тодорхой хэмжээний ажлын байр бий болгох, сурах үйлсэд нь дэмжлэг үзүүлэхэд нь анхаарч ажиллаж байна. Бид батлан хамгаалах төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, хүнд сурталгүй, түргэн шуурхай хүргэхээр бэлтгэл ажлыг хангаад байна. Өрхийн эмнэлэг, ЗДТГ хамтран “Эрүүл мэнд”-ийн аянуудыг зохион байгуулдаг. Гэтэл урьдчилсан үзлэг, лекц, оношилгоо хийхэд залуучуудын оролцоо бага байна. Тиймээс мэдэгдэх хуудас илгээх, хүчээр хамруулах тохиолдол байна” гэсэн юм.
Цэрэг татлагад хамрагдаж буй залуус эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдсан бичиг баримт, цэргийн үүрэгтний үнэмлэхтэйгээ цэрэг татлагын товчоонд ирэх шаардлагатайг албаны хүмүүс онцолж байсан юм. Мөн цэрэгт татагдах боломжгүй бол хувийн шалтгаанаа өргөдлөөр бичиж, цэргийн байранд очиж шийдүүлэх журамтай ажээ. Санаатай болон санаандгүйгээр тогтоосон газар, заасан цагт очоогүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авна гэж байв. Энэхүү журам нь короновирусын нөхцөл байдалтай холбоотойгоор 2020, 2021 онд хэрэгжээгүй. Тэгвэл энэ жилээс хэрэгжиж эхэлнэ хэмээн цэрэг татлагын комиссынхон сануулж байсан юм. Энэ жилийн цэрэг татлагыг дүүрэг бүрд нэг цэгт явуулж байгаа юм байна.