Мод үржүүлгийн компаниуд тоног төхөөрөмжийн шинэчлэлээ хийчихвэл “ТЭРБУМ СУУЛГАЦ“-ЫГ бэлтгэхэд асуудалгүй гэв
"Тэрбум мод" Үндэсний хөдөлгөөний хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас долоо хоног бүр өглөөний уулзалтыг зохион байгуулан ажиллаж байна.
Энэ удаа Ойн газрын дарга Б.Оюунсанаа “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний хүрээнд мод үржүүлгийн байгууллагуудын төлөөллүүдийг хүлээн авч уулзсан юм.
Хэлэлцүүлгийг нээж ЗГХА Ойн газрын дарга Б.Оюунсанаа хэлсэн үгэндээ "Бид өнгөрсөн хугацаанд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих амлалт авсан уул уурхайн ААН, банк санхүүгийн байгууллага, төрийн байгууллагуудын төлөөллүүдийг хүлээн авч, уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Энэ удаагийн хэлэлцүүлэгт мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй ААН-үүдийг хүлээн авч хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Уул уурхай, банк санхүүгийн байгууллага, төрийн байгууллагууд тарьц, суулгацын нөөц хязгаарлагдмал байгаа. Нөгөө талд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаагаа эрхэлдэг ААН-үүд сайн чанарын тарьц, суулгацаа бэлдчихсэн байна. Энэ хоёр талыг хооронд нь холбох, эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх зорилгоор өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Бид хоорондоо хэлэлцэж, ярилцаж байж, шийдлүүдээ гарна. Үүнээс гадна ААН-үүдэд тулгамдаж буй асуудал, түүнийг хэрхэн шийдэл нь ямар байх тал дээр тулгуурлаж хэлэлцүүлгийг өрнүүлнэ.
Өнөөдрийн байдлаар мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй 300 гаруй ААН байгаагаас идэвхтэй үйл ажиллагаа эрхэлж буй 200 гаруй ААН-үүд байна. Мод үржүүлгийн компаниуд сүүлийн жилүүдэд өргөжин тэлж, идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
Мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүд энгийн зүйлс ярьж байгаа. Үүнд тарьц, суулгацыг борлуулах зах зээлийн орчин, нөхцлийг тодорхой болгох, тоног төхөөрөмжийн хөнгөлөлттэй холбоотойгоор зээлийн асуудлыг шийдчихвэл үйл ажиллагаагаа өргөжүүлж, илүү их тарьц, суулгацыг бэлдэх боломжтой талаар ярьж байна. Үүнээс гадна энэ ажил нь улирлын чанартай ажил учраас ажилчдын нийгмийн даатгалын тодорхой гарц, гаргалгааг гаргаж өгөөч гэдэг хүсэлтийг тавьж байна." гэдгийг онцоллоо.
Эрдэнэт үйлдвэрийн “Ногоон хөгжил төслийн нэгж”-ийн дарга Б.Сэр-Оддамба:
Эрдэнэт үйлдвэр нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 100 сая мод тарих амлалт өгсөн. Одоогийн байдлаар бүтээн байгуулалтын ажлын суурь буюу бэлтгэл ажлаа хангаад явж байна. Энэ хүрээнд 2022 онд үр хадгалах, үрийн нөөц бүрдүүлэх зорилгоор “Ойн генетикийн Эрдэнэт төв”-ийг байгуулсан. Харин энэ онд био бордоо үйлдвэрлэх зориулалттай “Хөрсний инноваци технологийн төв”-ийг байгуулан ажиллаж байна. Ирэх онд “Хангайн бүсийн мод үржүүлгийн газар”-ыг байгуулахаар ажиллаж байна.
Амлалт авснаас хойш манай байгууллага 3,4 сая мод тарьж ургуулсан байна. 2022 онд 2,1 сая, энэ онд 1,2 сая мод тарьж ургуулсан. Одоо болох намрын тооллогоор тарьсан моднуудын амьдрах чадварыг тодорхойлж, дүгнэлт хийхээр ажиллаж байна.
Төслийн нэгж нь 18 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд ирэх жил мод үржүүлгийн газар ашиглалтад орвол орон тоог 120 орчим болгож нэмэгдүүлнэ.
Эрдэнэт хотын хаягдалын аж ахуйгаас маш их хэмжээний цагаан тоос босдог. Тиймээс тухайн бүс нутагтаа мод тарих ажлыг хийж байгаагаас гадна арчлалт хамгаалалтыг ШШГЕГ-тай хамтран хийж байна.
“Халх голын хишиг” ХХК-ий захирал Б.Цэвээнпүрэв:
Манай компани нь Төв аймгийн Батсүмбэр суманд үйл ажиллагаагаа эрхэлдэг. 60 га газар эзэмшдэг бөгөөд одоогийн байдлаар 6-7 га газарт мод үржүүлгийн ажлыг хийж байна. Жилд хамгийн багадаа 500 мянган тарьц, суулгацыг нийлүүлэх хүчин чадалтай бөгөөд голт бор, шинэс, гацуур, хайлаас улиас, буйлс, монос зэрэг 17 нэр төрлийн модны тарьц бэлтгэдэг. Мод үржүүлгийн ААН-үүд тэрбум мод тарих ажлын хүрээнд хүчин чадлаа сайжруулах хэрэгтэй байгаа. Тиймээс төрөөс зарим нэгэн бодлогын дэмжлэгүүд хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийхэд төрөөс татварын хөнгөлөлт үзүүлэх гэх мэт ажлуудыг хийх хэрэгтэй байна. Ингэж байж бид тэрбум модны суулгацыг бэлтгэж чадна.
Үүнээс гадна бидэнд хамгийн их тулгамдаж буй асуудал бол хүний нөөцийн асуудал юм. 1000 орчим ойн инженер байгаа хэдий ч сүүлийн жилүүдэд ойн инженерээр сурах хүний тоо эрс багассан. Тиймээс энэ асуудлыг бодлогын түвшинд анхаарч ажиллах шаардлагатай байна.