НӨАТ-ын падаанаар луйвар хийсэн хүмүүсийн хэргийг ШҮҮХ ДАХИН хэлэлцэнэ
Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын падааныг хоосон бичиж, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулж байсан үйлдэлд холбогдсон У.Алтанзаяа, Г.Болдбаатар, Х.Чинтуяа, Б.Ануударь, Б.Отгонтуул, Б.Пүрэвдолгор нарт холбогдох, татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэн ашигласан гэх хэргийг Улсын дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа. Ингэснээр дээрх хүмүүст холбогдох хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэхээр болов.
Эхнэр нөхөр болох У.Алтанзаяа, Г.Болдбаатар нар цахим орчинд НӨАТ-ын падаан худалдах зар байршуулан 2017-2021 оны хооронд “Мөнх тэнгэр констракшн”, “Дөл ананд констракшн”, “Алтангадас майнинг”, “Дөл ойл”, “И маралт зоне”, “Пи и си констракшн”, “Эй ти эс и”, “Ананд финанс” зэрэг үйл ажиллагаа явуулдаггүй компанийн эрхийг худалдан авч, 1537 аж ахуйн нэгжид ямар нэг бараа бүтээгдэхүүн нийлүүлээгүй, ажил үйлчилгээ үзүүлээгүй, орлого олоогүй атлаа 187.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий 7525 ширхэг НӨАТ-ын падааныг татварын байгууллагын программд оруулж, 18.7 тэрбум гаруй төгрөгийн татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдсон юм. Улмаар эл гэмт хэргийг үйлдэж олсон мөнгөөрөө У.Алтанзаяа, Г.Болдбаатар нар Сүхбаатар дүүргийн нутаг, 11 дүгээр хороололд хоёр орон сууц, Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь 1.8 тэрбум төгрөгийн үнэлгээтэй “Алтан хөндий цогцолбор” хэмээх амралтын газрыг эд хөрөнгийн хамт, хүүхдүүдийнхээ нэр дээр “Рэнж ровер”, “Тоёота хариер”, “Тоёота кроун” зэрэг автомашин худалдан авсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байдаг.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 18.3-1, 18.6-2.2, 18.7-1 дэх .Алтанзаяаг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих ангид долоо, Г.Болдбаатарыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих ангид таван жил хорихоор шийдвэрлэсэн билээ. Мөн О.Отгонтуул, Б.Пүрэвдолгор, Х.Чинтуяа нарт эмэгтэйчүүдийн нээлттэй хорих ангид нэг жил зургаан сар хорих, Б.Ануударьд 5.4 сая төгрөгөөр торгох ял оноогоод байсан юм.
Г.Равжаа
Эх сурвалж: Өнөөдөр сонин