“Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил гаргасан хүн гадаад улсын визэд орох боломжгүй болно“
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Засгийн газрын зүгээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох үйлдлийг таслан зогсоох санаачилга дэвшүүлж, энэ хүрээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг бүхэлд нь нэмэгдүүлээд, улмаар энэ төрлийн эрхийг бүх насаар нь хасах зохицуулалтыг хуульчлах нь зүйтэй хэмээн төсөлд тусгажээ.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдэлд дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тусгасныг Б.Энхбаяр сайд төслийн талаарх танилцуулгадаа дурдав.
Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах юм бол 3-5 жил, хүнд хохирол учруулсан тохиолдолд 5-8 жил, согтуурсан мансуурсан үедээ хүний амь нас хохироосон бол бүх насаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэлт ял оногдуулах нь зүйтэй хэмээн үзэж, төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан байна.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд үүнээс үүдэх хууль зүйн үр дагавар их, оногдуулах ялын хувьд 450-2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх зэрэг дөрвөн төрлийн шийтгэл оногдуулна.
Эхний удаад тухайн үйлдлийн үр дагавраас хамаарч торгох, нийтэд тустай ажил хийлгэх зэрэг шийтгэлийг шүүх оногдуулах, давтан үйлдэх тохиолдолд хорих ял оноох байдлаар хэрэглэх талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд тайлбарлалаа. Үүний сацуу энэ төрлийн гэмт хэрэг үйлдвэл гадаад улс орнуудын визэд орох, тодорхой төрлийн ажил эрхлэх боломжгүй болох бөгөөд товчхондоо согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох үйлдлийг дор бүрнээ таслан зогсоох нь зөв шийдвэр байх болно гэв.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд, үүний зэрэгцээ бодит байдал дээр үүсэж болох нөхцөл байдлуудыг тооцож шийтгэл оногдуулах согтолтын хэмжээний талаар лавлав.
Сайд Б.Энхбаяр "Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, хүмүүжүүлэх, түүнчлэн энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох үйлийг гэмт хэрэгт тооцох ялын бодлогыг чангаруулах нь зүйтэй хэмээн үзсэн.
Нийгэмд энэ төрлийн үйлдлийг гэмт хэрэгт тооцож, оногдуулах ялыг чангатгах мэдээлэл тархсаны дараа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үүнээс өмнөх долоо хоногтой харьцуулахад 42-47 хувь буурсан.
Энэхүү чангатгасан ялын бодлого тогтвортой хэрэгжээд явахаар нийтээрээ зөв дадал хэвшилд суралцана, согтууруулах ундаа амссан тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох тухай бодол хүн бүрийн оюун ухаанаас арчигддаг байх ёстой.
Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлд хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, 2 хувиас дээш хатуулагтай нэршлээс үл хамаарсан бүх төрлийн архи, дарс, шар айраг зэргийг “согтууруулах ундаа” хэмээн хуульчилсан, аливаа төрлийн согтууруулах ундаа нь хүний биеийн онцлогоос хамаарч өөр өөр нөлөөлдөг" гэв.
Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны А/506, A/176 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан "Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах журам"-аар тээврийн хэрэгсэл жолоодож явсан болон жолоодсон байж болзошгүй этгээд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль, эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5 промиль илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх зохицуулалттай байна.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.