Б.Энхбаяр: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил өмнөх долоо хоногтой харьцуулахад 42-47 хувь БУУРСАН

2023 оны 10 сарын 18

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ. Уг хуулийн төсөлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тусгасан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар айраг уусан ч ялтайд тооцох эсэхийг тодруулж, согтуурлын хэмжээг хэрхэн тогтоох талаар иргэдэд тодорхой мэдээлэл өгөх шаардлагатайг онцолж байлаа.

Хуулийн төсөлд согтолтын зэрэг тогтоох хэмжээг одоогийнхоор буюу цусан дахь спиртийн агууламж 0.5 промиль, амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль илэрвэл согтууруулах ундаа хэрэглэсэнд тооцохоор тусгасан. 

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр "Согтуурлын хэмжээг тогтоохдоо олон улстай харьцуулсан судалгаа хийдэг. Ажлын хэсгийнхэн дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Ер нь, Эрүүгийн хууль цээрлүүлэх, шийтгэх, урьдчилан сэргийлэх үндсэн зорилготой. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоныг гэмт хэрэгт тооцох ялын бодлого нь эдгээр зорилгод чиглэж байгаа.

Тухайлбал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол гэмт хэрэгт тооцохыг олон нийтэд мэдээлэл хүрээд долоо хонож байна. Энэ хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил өмнөх долоо хоногтой харьцуулахад 42-47 хувь буурсан. Эрс багассан гэсэн үг. Хэдийгээр хууль батлаагүй байгаа ч урьдчилан сэргийлэх зорилго биелж эхэлж байна" гэсэн юм. 

Энэ үеэр ажлын хэсгийнхний зүгээс "Журмын дагуу согтуурлын хэмжээг тандагчаар шалгаж байгаа. Амьсгалах агаарын хэмжээг 0.20 бүхлээр тооцдог. Согтууруулах ундаа гэж хүнсний зориулалт бүхий түүхий эдээр үйлдвэрлэгдсэн спирт, 2 хувиас дээш хатуулагтай нэршлээс үл хамаарсан архи дарс шар айраг зэргийг оруулахаар хуульчилсан. Харин айраг уусан хэмжээнээс биш тухайн хүний бие хэрхэн хүлээж авч байгаагаас хамаарч согтолтын зэрэг өөр гардаг" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
651884
1 эможи

keyboard_arrow_up