Б.ОЮУНСАНАА: Хуш модны самрыг болц нь гүйцсэн үед түүх, түүхдээ мунадахгүй байх хэрэгтэй

2023 оны 10 сарын 17

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй "ТЭРБУМ МОД" үндэсний хөдөлгөөний хүрээнд маш олон ажлууд хийгдэж буй.

Тэгвэл өнөөдөр ЗГХА Ойн газар, МУИС-ийн Ойн хүрээлэн хамтран "Хушин ойн өнөөгийн төлөв байдал, цаашид авах арга хэмжээ"-ний талаарх онол, практикийн бага хурлыг зохион байгуулж байна. 

Хуралд ЗХГА Ойн газрын дарга Б.Оюунсанаа, МУИС-ийн захирлын ажлын албаны дарга Н.Баатарбилэг, Монголын ой судлалын нийгэмлэг, Газар зүйн геологийн хүрээлэн, Монголын улиас судлаачдын холбоо зэрэг байгууллагуудын төлөөллүүд оролцож байна. 

Arslan.mn

Хурлын үйл ажиллагааг нээж ЗХГА Ойн газрын дарга Б.Оюунсанаа хэлсэн үгэндээ "Өнөөдөр бид хушин ойн өнөөгийн төлөв байдал, цаашид ямар арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар хэлэлцүүлэг өрнүүлж байна. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Шинжлэх ухааны харъяаны хүрээлэнгүүд болох Биологийн хүрээлэн, Газар зүйн хүрээлэн, МУИС-ийн Ойн хүрээлэн, самрын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг холбоодын төлөөллүүдээс судлаачид оролцож байна.

Өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр хушин ойн доройтол, сэргэн ургалт нь ямар байгаа талаар болон хуш модны самар түүхтэй холбоотой гаргасан технологиудын туршилтын үр дүнг танилцах зэрэг өргөн хүрээг хамарсан судалгааны үр дүнгүүдийг хэлэлцэж байна. Дээрх судалгааны ажлууд дээр үндэслээд хушин ойг хамгаалах, зөв зохистой ашиглахтай холбоотой эрх зүйн орчинд тодорхой шинэчлэлүүдийг хийгээд явна.

Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулга ид хийгдээд явж байна. Тус шинэчилсэн найруулгад Монгол орны ойн салбарын бүхий л асуудлууд орж байгаа. Үүн дотор ойг нөхөн сэргээхтэй холбоотой асуудлууд багтаж байгаа. Ойн нөхөн сэргээлтэд хушин ойн асуудал орж байгаа. Хушин ойн ашиглалт, хамгаалалттай холбоотойгоор журман дээр өөрчлөлт оруулсан. Түүх хугацаа, түүх арга, хохирол гарсан тохиолдолд түүнийг хэрхэн үнэлэх талаар тодорхой тусгаж өгсөн. Бид хорьж цагдах биш, зөв зохистой ашиглалтыг дэмжиж ажиллаж байгаа. Хамгийн гол нь хушин ойд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх тал дээр л зохицуулалт хийж ажиллаж байна.

Иргэд хуш модны самрыг түүхдээ 10 дугаар сард болц нь гүйцсэн үед түүх, түүхдээ мунадахгүй байх, мунадах тохиолдолд зөөлөвч хийх ёстой." гэдгийг онцоллоо. 

Arslan.mn

МУИС-ийн ХБАОИТ, Ойн аж ахуйн хөтөлбөрийн ахлагч С.Гэрэлбаатар:

Сүүлийн жилүүдэд хүний буруутай үйл ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор Монгол орны хушин ойн чанар, самар боловсролттой холбоотой асуудлууд анхаарал татахуйц хэмжээнд хүрээд байна. Өнөөдрийн хурлаар Монгол орны хушин ойн төлөв байдал, ашиглалт хамгаалалт, нөхөн сэргээлтийн асуудлыг хөндсөн илтгэл, судалгааны үр дүнгүүдийг хэлэлцэж байна.

МУИС нь нийгэмд нэн шаардлагатай байгаа боловсон хүчнийг бэлтгэх тал дээр ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байна. Бид ойн мэргэжлээр өдрийн сургалтын бакалаврын түвшний оюутан бэлтгэхээс гадна хоёр дахь дипломын боловсрол буюу өөр чиглэлээр мэргэшсэн бакалаврын боловсрол эзэмшсэн иргэдэд ойн аж ахуйн инженерээр суралцах боломжийг олгож байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд олон тооны оюутан элсэн суралцаж байна. Үүнээс гадна байгалийн хушин ойгоо судлах, өнөөгийн төлөв байдал, нөхөн сэргээх тал дээр судалгааны ажлыг ахисан түвшинд хийж байна.

Arslan.mn

“Монголын ойн судлалын нийгэмлэг” ТББ-ын мэргэжилтэн Г.Эрдэнэцолмон:

Сүүлийн жилүүдэд хуш модны самрын ашиглалт эрчимтэй нэмэгдсэн. Тэр утгаараа ойн нөөц ашиглалтаас илүү самар ашиглалтын орлого нь даваад байна. Энэ нь нэг талдаа орон нутгийн төсөв бүрдэж байгаа сайн хэрэг хэдий ч нөгөө талдаа ойн сан тэр хэрээрээ доройтож байна. Энэ доройтол нь самрыг буруу түүхтэй холбоотойгоос гадна уур амьсгалын өөрчлөлт ч мөн нөлөөлж байна. Өнөөдрийн хэлэлцүүлгээр бид хушин ойг цаашид хэрхэн тогтвортой ашиглах, ямар ямар хууль эрх зүйн бодлого хэрэгтэй байгаа, одоогийн түвшинд хийгдсэн судалгаа ямар түвшинд байна, уг судалгаанд үндэслэн ямар ажлыг хийж хэрэгжүүлэх, тогтвортойгоор хушны самрыг бэлтгэх, хамгаалах тал дээр ямар бүтэцтэйгээр ажиллах талаар өнөөдрийн хэлэлцүүлгээр ярилцаж байна.

Монгол орны ойн сан 18,8 хувь байдаг. Үүний найман хувь нь ойгоор бүрхэгдсэн талбай байдаг. Түүний 5,25 хувийг хушин ой эзэлж байна. Тэгэхээр маш бага талбайд хушин ой ургадаг гэсэн үг юм. Нөгөө талаар хушин ой нь 200 гаруй шувууд, 70 гаруй хөхтөн амьтны хоол тэжээл, идэш, орон байр болдог.

Arslan.mn

ЕБ-ийн 102 дугаар сургуулийн 12А ангийн сурагч Г.Аминсарнай:

Анх эссэ бичлэгийн уралдааныг фэйсбүүкээс олж мэдээд оролцохоор шийдсэн. Эссэ бичлэгийн уралдаанд оролцохдоо өөрөө маш их зүйлийг судалж мэдсэн. Эссэгээрээ дамжуулан үеийнхээ хүүхдүүд болон залуучуудад байгаль дэлхийтэйгээ хэрхэн зөв харьцах, хушин ойгоо хэрхэн хайрлаж хамгаалах талаар хүргэхийг зорьсон.

Хушин ой нь Монгол орны 10 аймгаар 683,9 га газрыг бүрхэн ургасан бол дэлхийн 1,8 хувийг эзэлдэг нь сонирхолтой санагдсан. Тиймээс бид цаашид хушин ойгоо 1,8 хувь биш 18 хувь ч юм уу маш олон газрыг хамруулан ургуулах хэрэгтэй талаар эссэндээ тусгасан. Хушин ой нь ямар ашиг тустай талаар хүмүүс төдийлөн мэддэггүй. Хушин ой нь амьтдын хоол тэжээл болохоос гадна байгаль дэлхийг сэргээх үүрэгтэй байдаг талаар хүмүүс төдийлөн мэддэггүй. Би судлах явцдаа энэ талаар мэдсэн. Энэхүү эссэгээрээ олон хүүхдүүдэд мэдээлэл өгсөн байх гэж бодож байна. Энэ ташрамд ЗГХА Ойн газрын хамт олонд талархал илэрхийлье. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651873
0 эможи

keyboard_arrow_up