Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит ШУУРХАЙ ХУРАЛДААН боллоо
Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдаан /2023.10.16/-ны өдөр боллоо. Шуурхай хуралдааныг Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо удирдаж явууллаа.
Хуралдааны эхэнд өнгөрсөн шуурхайгаас өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт, хийж хэрэгжүүлсэн ажлуудын мэдээллийг танилцуулав. Өнгөрсөн хугацааны гол ажлуудаас дурдвал:
-Японы Олон улсын хамтын ажиллагааны JICA байгууллагын Тэргүүн дэд ерөнхийлөгч Ж.Ямадаад Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын ажлын явцыг газар дээр нь үзүүлж танилцуулав.
- Шинэ Зуунмод хотын бүтээн байгуулалтын төслийн хүрээнд газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх чиглэлээр нөлөөлөлд өртөж буй газрын эзэдтэй зөвлөлдөх уулзалтууд хийв.
- “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Сэлбэ дэд төвд 9,6 га газарт барилгажилтийн төсөл боловсруулж эхлээд байгаа бөгөөд эхний ээлжинд шаардагдах газрын нэгж талбарыг чөлөөлж, 1 давхартаа үйлчилгээтэй 5 давхар орон сууц барихаар судалгаа болон тооцооллыг боловсруулж байна.
-Барилга байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” аяны хүрээнд барилгын үйл ажиллагаа эрхлэж байгаа 156 аж ахуйн нэгж, байгууллагуудад барилгын салбарт шинээр нэвтрүүлж буй тоног төхөөрөмж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн туршлагыг танилцуулах, үзүүлэх сургуулилтыг “Ногоон нуур” 1008 айлын орон сууцны төслийн талбайд зохион байгуулав.
-Барилга, хот байгуулалтын сайдаас өгсөн үүрэг даалгаврыг үндэслэн Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 2023 оны 02-00/24 дүгээр удирдамжийн дагуу Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 40, 50 мянгатын орон сууцны 64 барилгын ашиглалт, 345 иргэн, аж ахуй нэгж, байгууллага, 23 сууц өмчлөгчдийн холбооны өмчлөлийн төлөв байдалд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэн улсын /ахлах/ байцаагчийн 27 дүгнэлт, 10 албан шаардлага, 7 зөвлөмжийг өмчлөгч иргэн, аж ахуйн нэгж, байгуулагад өгч, нийслэлийн Засаг дарга, Онцгой байдлын ерөнхий газар, “Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл” ТББ-д албан бичгийг тус тус хүргүүлж ажиллав.
-“Хяналт шалгалтын төлөвлөгөө”-ний дагуу Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Дамбадаржаа, Толгойт, Баянхошуу дэд төвийн барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний зураг төсөл, угсралтын ажилд газар дээр нь хяналт шалгалтыг хийж, зураг төсөл, баримт бичгийн байдалд үзлэг явууллаа.
Шуурхай хуралдаанаар мөн харьяа байгууллагууд, төслийн нэгжийн удирдлагууд ажлаа танилцуулж, тулгамдаж буй асуудлуудынхаа хүрээнд мэдээлэл тавилаа.
Хуралдаанд тавигдсан цаг үеийн мэдээллүүдтэй холбоотойгоор мөн ирэх 14 хоногт хийх ажлууд, төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулах хүрээнд дэд сайд Э.Золбоо газар хэлтэс, харьяа байгууллагуудын удирдлагуудад үүрэг чиглэл өглөө.