ЦЕГ: Хаягдал 10 тонн тосоо бохирын шугамын худагт асгасан асуудалд шинжилгээний дүгнэлт гаргуулахаар ШШЕГ-т хандсан
Нийслэлийн зарим дүүрэгт 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Газ мэт үл мэдэх зүйл үнэртээд байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран холбогдох шалгалтын ажиллагааг эхлүүлсэн.
Шалгалтаар Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашины мотор, кропны хаягдал тос масло дахин боловсруулж, дизелийн түлш үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “ЭКО СТАНДАРТ ПЕТРОЛИУМ3 компанийн нэр бүхий ажилтнууд үйлдвэртээ ашиглахгүй болсон хаягдал маслыг 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 16 цагийн орчим “Хьюндэй” маркийн бохир соруулах зориулалт бүхий автомашинаар 10 орчим тонныг соруулан ачиж, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000мм бохирын шугамын худаг руу асгасан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн. Тиймээс тус компанийг Эрүүгийн хуулийн 20.11 дүгээр зүйлд заасан "Аюултай хог хаягдлыг зориулалтын бус газарт хаях" заалтаар шалгаж байгаа юм.
Шалгалтын ажил хэрхэн явагдаж байгаа талаар ЦЕГ-ын ХМТ-өөс тодруулахад "БЗДЦГ 3-р хэлтсээс шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж бна. Тухайн асуудалд шинжилгээний дүгнэлт гаргуулахаар ШШЕГ-т хандсан байгаа. Химийн шинжилгээний дүгнэлт гарах ёстой" хэмээлээ.