18 дугаар сургуулийн сурагчдын хордсон шалтгааныг шүүх шинжилгээний байгууллага тогтооно
18 дугаар сургуульд хордсон хүүхдүүдийн эцэг эхийн төлөөлөл нөхцөл байдал ямар байгаа талаар Эх, Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв(ЭХЭМҮТ)-ийн гадна өнөөдөр мэдээлэл өглөө.
Тэрбээр "Есдүгээр сарын 21-ний өдөр 54 хүүхэд ангидаа сууж байхдаа хордсон. Хүнд, хөнгөн хамаагүй хордсон 54 хүүхдийн хордлого өнгөрсөн долоо хоногийн 12-ны өдөр хот даяар нефтийн бүтээгдэхүүн дэгдэхэд сэдэрсэн. Хүүхдүүд юунаас болж хордсоныг мэдэхийг хүсэж байна. Энэ ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагууд нь яаралтай шалгаж дүгнэлтээ танилцуулах хэрэгтэй.
Найман хүүхэд эмнэлэгт хэвтэж байсан. Өнөөдөр дөрөв нь эмнэлгээс гарч байгаа. Гэхдээ хүүхдүүд ахиж ямар нэгэн байдлаар хий мэдэрвэл сэдэрдэг гэсэн. Тэгэхээр насан туршдаа астматай болох магадлалтай байгаа. Хүүхдүүдэд зөвхөн хордлогын эмчилгээ л хийсэн.
Хүүхдүүдийн цагдаад өгсөн мэдүүлгээс харахад ангийн хойноос өмхий үнэртсэн гэсэн. Тэгэхээр бохирын цооног цоорч хүүхдүүдийг хордоосон байх магадлалтай. Гол нь яг юунаас болж хордсоныг тодорхойлж оношилмоор байна.
Өмнө нь Налайхын сургуулийн арваннэгдүгээр ангийн хүүхдүүд цавуу үнэрлэсэн гээд өнгөрөөж байсан жишээтэй. Энэ удаад манай хүүхдүүдийг газ үнэрлэсэн гээд өнгөрөөчих вий дээ. Бизнесийн дээд сургуулийн барилга нь актлагдчихсан, бохирын цооног нь цоорсон бол асуудлаа шийдэх хэрэгтэй. Эцэг, эхчүүд хувиасаа мөнгө гаргаад тухайн сургуулийн агаарын чанарын индексийн хэмжүүлмээр байгаа.
Эмнэлгээс гарсан хүүхдүүдэд саримстай шөл өгөхөд шууд бөөлжөөд хичээлдээ явж чадаагүй. Хан-Уул дүүргээс газын шинжилгээний хариу гараагүй гэсэн. ЭХЭМҮТ-ийн шинжилгээгээр газ гэж гараагүй. Шүүх шинжилгээний хариунаас хамаарч ямар эмчилгээ хийхээ тодорхойлно гэсэн.
Юунаас болж хордсоныг мэдэхгүй байгаа учраас одоо хүртэл эмчилгээ хийгдэхгүй цаг алдаж байна. Эцэг, эхчүүд судлаач нартай холбогдоход хүхэрт хордсон байвал төв мэдрэлийн системд нөлөөлдөг гэсэн.
20 гаруй хоноход хүүхдүүдийн эрүүл мэнд гарсан зовуурь нь нэмэгдэж байна. Жишээлбэл гар хөл бадайрах, толгой эргэх, бөөлжих шинж тэмдэг илэрч байна. Бизнесийн дээд сургуулийн анги руу ороход 54 хүүхэд уйлсан, дотор муухайрсан байдалтай байсан.
Зургаадугаар ангийн жаахан хүүхдүүд газ үнэрлэж, тамхи татаж чадахгүй. Олон нийтийн сүлжээгээр хүүхдүүдийн нэр хүндийг нь харлуулж байна. Хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд яагаад юу ч дуугарахгүй байгаа юм" хэмээн ярилаа.