“18-р сургуулийн анги танхим, хүүхдүүдийн хувцаснаас шинжилгээ авсан ч эцсийн хариу ГАРААГҮЙ“
Есдүгээр сарын 21-нд "Монгол дээд" сургуулийн байранд хичээллэж байсан 18 дугаар сургуулийн зургаадугаар ангийн 20 орчим хүүхдээс хордлого илэрч, эмнэлэгт хүргэгдсэн. Хордлого илэрсэн гэх тухайн ангийг цагдаагийн байгууллага битүүмжлэн шинжилгээ хийсэн бөгөөд хордлогын шалтгаан, нөхцөлийг тодруулахаар мэргэжлийн байгууллагууд ажиллана гэдгийг тухайн үед мэдээлж байв. Түүнчлэн дахин аравдугаар сарын 12-нд тус ангийн хүүхдүүдэд дотор нь эвгүйрхэх шинж тэмдэг илэрч, 14 хүүхдийг 103 түргэн тусламж дуудан ЭХЭМҮТ-д хүргэгдээд байгаа юм. Энэ талаар өнөөдөр 18-р сургуулийн хордсон хүүхдүүдийн эцэг эхчүүдийн төлөөлөл мэдээллээ.
Эцэг эхийн төлөөлөл "Шинжилгээний дүгнэлт хараахан гараагүй, хордлого тайлах эмчилгээ хийгдэж байгаа. Өмнөх шинжилгээний хариу гараагүй байхад дахин ийм асуудал үүсээд байна. Холбогдох байгууллагаас шинжилгээний хариуг яаралтай гаргах чиглэл өгсөн гэсэн ч хойшилсоор өнөөг хүрлээ. Хордлогод орсон хүүхдүүдээс цус болон шээсний шинжилгээ авсан. Манай хүүхдийн тухайд цусны шинжилгээг бараг гурван удаа өгсөн. Анх хордлогын шинж тэмдэг илрэх үед анги удирдсан багш эцэг эхчүүдийн групп дээр хүүхдүүдийн толгой өвдөөд байна. Ирж хүүхдээ аваарай гэж мэдэгдсэн. Сургуулиас нь очиж авах үед хүүхдүүдийн толгой өвдөж, хөл гар нь бадайрсан, уйлсан байдалтай байсан"
Эцэг эхийн төлөөлөл "Ангид нь ороход хүүхэд маань эрүү нь салгалаж, хөлөө мэдрэхээ больсон байдалтай байсан. Эмнэлэгт хүргэгдээд дөрөв дэх өдрөө эмчилгээ хийлгэж байна. Хүүхдүүдийг эмнэлэгт авчраад усанд оруулаад хүчилтөрөгч залгахад бүгд тэр дороо сэргэсэн. Биеийн байдал нь тэр дороо сэргэж, зүгээр болсон. Өнөөдөр ингээд эмнэлгээс гарч байна.