Ариун цэврийн өрөөнд хяналтын камер байршуулсан сургуулийн захирлыг хоёр сая төгрөгөөр ТОРГОЖЭЭ
ЕБС-ийн ариун цэврийн өрөөнд хяналтын камер байршуулсан, өсвөр насны хүүхдүүд машин жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон том оврын автомашин гэрлийн шон мөргөж эвдсэн зөрчлүүдэд хуулийн дагуу арга хэмжээ тооцсон болохыг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Тодруулбал ЕБ-ын 23 дугаар дунд сургуулийн ариун цэврийн өрөөнд 2023 оны есдүгээр сарын 21-ний өдөр хяналтын камер байрлуулж, зөвшөөрөлгүй дуу дүрсний бичлэг хийсэн гэх үйлдэлд сургуулийн захирал “О”-г Зөрчлийн тухай хуулийн 6.22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгожээ.
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын дөрөвдүгээр багт 2023 оны аравдугаар сарын 8-ны өдөр насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн шинжтэй үйлдэлд тээврийн хэрэгслийн жолоо шилжүүлсэн тухайн хүүхдийн эцэг болох иргэн “С”-д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Баянхошууны “Хөтөл”-ийн замд 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр иргэн “Б” нь өндрийн хязгаарыг давсан ачаатай “Howo” маркийн том оврын тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцохдоо дөрвөн ширхэг гэрлийн шон мөргөж, гэмтээсэн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 зүйлд зааснаар 100,000 төгрөгөөр торгож, учруулсан 18 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ.
Харин иргэн “М”-ийн эзэмшлийн өвлийн сууцанд ОХУ-ын иргэн “И” гэгч нэвтэрч, 1,473,700 төгрөгөөр үнэлэгдэх эд зүйлийг хулгайлсан, Чингэлтэй дүүрэгт 44 настай, эрэгтэй хутгалуулж амь насаа алдсан, Хэнтий аймагт 33 настай, эрэгтэй “Э” гэгч насанд хүрээгүй дагавар охиноо хүчиндэхийг завдсан хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай, прокурорт хүргүүлсэн байна.
Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны аравдугаар сарын 9-13-ны өдрүүдэд 33,166 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, “Шүүхэд шилжүүлэх саналтай” Прокурорын байгууллагад 369 хэргийг хүргүүлжээ.
Шүүхэд шилжүүлэх саналтай хэргийг төрлөөр нь ангилж үзвэл:
- Хүний амьд явах эрхийн эсрэг 7
- Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 138
- Хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 5
- Өмчлөх эрхийн эсрэг 172
- Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 6
- Хүрээлэн байгаа орчны эсрэг 21
- Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 14
- Бусад 6 хэрэг.
Эдгээрээс харвал хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг хамгийн их буюу 138 байна.
Үүнээс гадна Зөрчлийн тухай хууль зөрчсөн давхардсан тоогоор 79,770 хүн, хуулийн этгээдэд торгох, 699 хүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, танхайрах, жолоодох эрхгүй этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг зөрчил гаргасан 496 этгээдийг баривчилсан байна.