Ерөнхий сайд И.Баатархүү, Г.Энхтайван нарт хатуу хариуцлага тооцож чадах уу гэдгийг л харах үлдлээ
Парк шинэчлэл нэрийн дор сүр дуулиантайгаар, Үндэсний аюулгүй байдалд хамааруулан оруулж ирсэн 80 ногоон автобусны хэрэг нийт Монголчуудын анхаарлын төвд байна. Тиймээс ч АТГ, ЭЦА-ны хамтарсан баг ногоон автобусны гэх хэрэг мөрдөн шалгаж байгаа юм.
Тухайлбал, НХААГ-ын хэлтсийн дарга Б.Түмэнжаргал, НХААГ-ын Худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ш.Баярсүх, “Тэнүүн Огоо” ХХК гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат, “Тэнүүн Огоо” ХХК захирал А.Ганхуяг нар ням гарагийн шөнө саатуулагдаад буй.
Мөн Нийслэлийн ЗДТГ-ын дарга И.Баатархүү, Худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван нарыг ЭЦА-ныхан байцаалт авсан.
АТГ, ЭЦА-ныхан өнгөрсөн бүх хугацааны дансны гүйлгээг нь өнгөрөгч амралтын өдрүүдээр шалгажээ.
Улмаар лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаанаар оруулж танилцуулахаар тогтсон байна. Гэтэл ЗГ-ын хуралд орж бүх зүйл ил болохоос өмнө хариуцлагаас зугтсан Хотын дарга Д.Сумъяабазар,Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар нар ажлаа өгчихлөө.
Ямартай ч хэрэг үргэлжилж, буруутай этгээдүүд ял шийтгэлээ авна. Гэхдээ энэ дундуур уснаас хуурай гарч болзошгүй этгээдүүд бий.
Тодруулбал, НЗДТГ-ын дарга И.Баатархүү болон автобус худалдан авах ажлыг улсын төсвийн 318 тэрбум төгрөгийн хөрөнгөөр зохион байгуулж, "Тэнүүн-Огоо" компанийг гүйцэтгэгчээр шалгаруулсан Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван нар доод албан тушаалтнуудаараа туг тахиж өөрсдөө гэм зэмгүй үлдэх атгаг санаа агуулж байж болзошгүй хардлага бий.
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайваны тухайд Ж.Сүхбаатар сайдын гарын хүн бөгөөд өмнө нь түүний зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн. Хэвлэлийн хурлын үеэр тэрээр "Ажлын хэсгээс тухайн компанийг шалгаруулсан, гүйцэтгэл одоогоор зөрчигдсөн зүйл байхгүй" хэмээн барин тавин мэдэгдэж байсан билээ.
Одоо нийгэмд Нийслэлийн НЗДТГ, Худалдан авах ажиллагааны газар руу хэр цөмөрч орж чадах вэ гэдэг нь анхаарал татсан асуудал болж үлдэж байна.
Товчхондоо, Ерөнхий сайд уснаас хуурай гарахыг санаархаж буй И.Баатархүү, Г.Энхтайван нарт хатуу хариуцлага тооцож чадах уу гэдгийг харах л үлдлээ...