ЦУОШГ: Есдүгээр сарын дундуур орсон борооны улмаас ургац хураалтын ажил 2-9 хоног саатаад байна
2023 оны таримал ургамлын ургалтын хугацааны цаг агаарын нөхцөлийн тоймыг Цаг уур, орчны шинжилгээний газраас танилцууллаа. 2023 онд улсын хэмжээгээр 597.7 талбайд тариалалт хийснээс үр тариа 357.6 мянган га-д, төмс 18.1 мянган га-д, хүнсний ногоо 12.7 мянган га-д, техникийн ургамал 129.2 мянган га-д, тэжээлийн ургамал 80,1 мянган га-д, жимс, жимсгэнэ 4.7 мянган га-д, бусад ургамал 7.3 га-д тариалсан байна.
2023 оны дөрөвдүгээр сарын сүүлчээр газар тариалан бүхий нутагт ашигтай чийгийн нөөцийг (уринш болон гуурстай талбайд) хагалгааны гүнүүдэд тодорхойлоход ихэнх нутгаар хангалтай, Архангайн Төвшрүүлэх, Булганы Хутаг-Өндөр, Бүрэгхангай, Сэлэнгийн Баянгол, Төвийн Угтаалцайдам, Эрдэнэсант, Хэнтийн Өмнөдэлгэр, Биндэр дунд зэрэг, Төвийн Цээл, Хэнтийн Гурванбаян, Дорнодын Халхголд хангалтгүй байжээ.
Мөн тавдугаар сард газар тариалан бүхий нутгаар агаарын дундаж температур олон жилийн дунджаас сэрүүн байсан нь таримал ургамалын цухуйлтын үе шат оройтоход нөлөөлжээ.
Агаарын дундаж температурыг олон жилийн дундажтай харьцуулбал тариалан бүхийн нутгаар дунджийн орчим ба түүнээс 1.1-2,6 градусаар дулаан байжээ.
Агаарын температур өдөртөө 30 градусыг давж ихэнх нутгаар 1-21 хоног халсан байна. Тариалан бүхий ихэнх нутгаар 150.0-300.0мм, их орсон газраа 300.1-380.3 мм орсон нь олон жилийн дунджаас ахиу байсан байна.
Улаан буудай ихэнх нутгаар зургаадугаар эхээр цухуйж, долоодугаар сарын эхээр голлолтын үе шатандаа орсон бол наймдугаар сарын сүүлч гэхэд аарцан бололтын үе шатанаас бүрэн бололтын үе шатандаа орж эхэлжээ.
Есдүгээр сарын дунд гэхэд ихэнх нутгаар болц гүйцсэн байна.
Төмс зургаадугаар сарын дундуур ихэнх нутгаар цухуйж, долоодугаар сарын дундуур гэхэд баг цэцгийн үүсэлийн үе шатандаа оржээ.
Харин цэцэглэлт үе шат ихэнх нутгаар долоодугаар сарын сүүлчээр, Дархан-Уулын Дархан, Дорнодын Чойбалсанд мөн сарын дундуур, Ховдын Булган, Архангай Төвшрүүлэх, Төвийн Жаргалантад наймдугаар сарын эхэээр ажиглагджээ. Төмс тариалсан ихэнх нутгаар наймдугаар сарын дундаас есдүгээр сарын дунд хүртлэх хугацаанд ишний гулжийлт явагджээ.
Энэ зун таримал ургамалд дулаан болон чийгийн хангамж хангалттай байж, үе шатууд хэвийн явагдаж, ургалтын байдал сайн байснаар ургац хураах бүрэн бололцоотой болсон ч есдүгээр сарын дундуур орсон борооны улмаас ургац хураалтын ажил 2-9 хоног саатаад байна.