П.Наранбаяр: Нийслэлийн удирдлагууд автобус худалдан авах ажиллагааг ЯАГААД нууцад хамруулав
ХҮН намаас нийслэлийн нийтийн тээврийн хэрэгцээнд зориулан худалдан авсан автобусны худалдан авалтын талаар мэдээллээ.
ХҮН-ын гишүүн НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр "Улсын төсвөөр 810 автобус авлаа гэж ярьж байна. Бид өчигдөр Гурвалжингийн гүүрний урд байдаг "Тэнүүн-Огоо" компанийн "Автобус-1" бааз дээр очиж үзсэн. Ногоон автобус нь дизель хөдөлгүүртэй. "ZYLE Daewoo" компаниас нийт 600 автобусыг нэг бүрийг нь 336 сая төгрөгөөр худалдаж авсан гэж ярьж байгаа.
Мөн "Golden Dragon" компанийн 224 ширхэг улаан автобус оруулж ирсэн. Үүн дээр нэмээд 150 ширхэг цахилгаан хөдөлгүүртэй автобус оруулж ирж байгаа. Энэ нь 620 орчим сая төгрөгийн үнэтэй. Гэр хорооллын нөхцөлд буюу богино эргэлтэд хэрэглэх зорилгоор County маркийн дунд оврын 50 ширхэг автобус оруулж ирж байгаа гэсэн тайлбарыг хийж байна. "Тэнүүн-Огоо" компани эдгээр 810 автобусыг худалдан авах үйл ажиллагааг тендерээр авсан хэмээн тайлбарласан.
Очиж үзэхэд автобуснуудыг янз янзаар тоноглосон байсан. Эдгээр автобус хуучин уу, шинэ үү гэдгийг мэргэжлийн хүмүүс очиж, хариугаа өгөх нь нээлттэй хэвээр үлдэж байгаа. Нийслэлийн худалдан авсан автобуснуудыг яагаад төрийн нууцад хамруулаад байгаа юм бэ. Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа худалдан авах, ажил гүйцэтгүүлэх тухай хуулийн заалтыг хэрэглээгүй юм. Хуулийн 3.4 заалт руу оруулаад энэ бүхнийг нууцлах замыг нээсэн нь бидний анхаарлыг татаж байна.
Автобусны асуудал есдүгээр сарын 19-нд болсон ХҮН намын бүлгийн хуралтай шууд холбоотой. Бүлгийн хурал дээр оюутнуудтай холбоотой нийтийн тээврийн асуудал яригдаж байх үеэр "Автобусаа хэрхэн худалдаж авсан бэ" хэмээн асуухад "Бид үүнийг дэлгэж чадахгүй, нууцад хамарсан" гэснээр энэ асуудал босож ирсэн" гэлээ.