Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газар тэтгэвэрт гарсан ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
Олон улсын "Ахмадын баярын өдөр"-ийг угтан Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газар нь цэргийн байнгын тэтгэвэрт гарсан ахмад ажилтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Тус арга хэмжээнд тус газрын дарга, цагдаагийн хурандаа Х.Ууганбаяр, хоёрдугаар хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Жанчивдорж, гуравдугаар хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Цоонямбуу, Замын цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ, нэгдүгээр хэлтсийн дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа О.Цэрэндаваа болон харьяа хэлтсийн “Ахмадын зөвлөл”-ийн дарга нар, 262 ахмад ажилтнууд оролцлоо.
Арга хэмжээг нээж тус газрын дарга, цагдаагийн хурандаа Х.Ууганбаяр үг хэлж, баярын мэндчилгээ дэвшүүлсэн ба арга хэмжээнд тус газрын харьяа хэлтсээс 2023 онд цэргийн алба хаасны болон өндөр насны тэтгэвэр тогтоолгосон нэр бүхий 10 алба хаагч, 4 ажилтанд хүндэтгэл үзүүлж, газрын хамт олноос мөнгөн аяга, алд цэнхэр хадгийн хамт өргөн барьлаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн хүндэт медаль”-иар 1, Цагдаагийн ерөнхий газрын “Монгол цагдаа медаль”-иар 50 ахмад ажилтан шагнагдсаныг гардуулан өгсөн ба цагдаагийн байгууллагын ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог бэхжүүлэх, ахмад ажилтнуудын нийгмийн оролцоог хангахад оруулсан хувь нэмрийг үнэлж, тус газрын “Баярын бичиг”, мөнгөн шагналаар 5 ахмад ажилтныг шагнасныг тус тус гардуулан өгөв. Арга хэмжээний Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, дуучин Н.Нарантуяа, С.Наранчимэг болон Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын дуучид ая дууны мэнд дэвшүүллээ.