Автомашингүй өдрөөр зарим зах, худалдааны төв ажиллахгүй
Автомашингүй өдрөөр төвийн дөрвөн дүүргийн 12 зах, худалдааны төвийн амралтын өдрийг бямба гарагт шилжүүлжээ. Тодруулбал, “Нарантуул”, “Бөмбөгөр”, “Содон бөмбөгөр”, “Алтжин бөмбөгөр”, “Дүнжингарав”, “Барс”, “Баянзүрх”, “Баянзүрх-2”, “Ханталст” худалдааны төв, “Өгөөмөр” зах, “Сандэй плаза”, “Шөнийн зах”, 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр ажиллахгүй аж. Мөн Сүхбаатарын талбайд халуун хоол, хүнсээр таван асар, явуулын хоолны 13 газар иргэдэд үйлчлэх юм.
Түүнчлэн урлагийн тоглолтууд, спортын арга хэмжээнүүд, дугуйн парад болохоос гадна аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчилж ажиллана. 5-10 насны хүүхдүүдийн дунд талбайн шохойн зургийн уралдаан, дугуйн уралдаан, дартсын тэмцээн, шагайн наадгай, шатрын тэмцээн болох аж. Мөн цэнгээнт бүжгийн “Улаанбаатарын залуучуудын цэнгүүн” үзүүлэх тоглолтууд болох юм.









