Баянзүрх дүүргийн Цагдаагийн газар тэтгэвэрт гарсан ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
Олон улсын "Ахмадын баярын өдөр"-ийг угтан Баянзүрх дүүргийн Цагдаагийн газар нь цэргийн байнгын тэтгэвэрт гарсан ахмад ажилтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Тус үйл ажиллагаанд Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа П.Очбадрах, Цагдаа, дотоодын цэргийн ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд, НЦУГ-ын Ахмадын зөвлөлийн дарга, цагдаагийн хурандаа С.Отгонбаатар, БЗД-ийн Цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтсийн дарга нар болон тус цагдаагийн газраас цэргийн байнгын тэтгэвэрт гарсан 200 гаруй ахмад ажилтнууд оролцлоо.
Үйл ажиллагааг нээж Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа П.Очбадрах хэлсэн үгэндээ "Баянзүрх дүүргийн Цагдаагийн газар нь дөрвөн хэлтэстэй. Эдгээр хэлтсээс цэргийн байнгын тэтгэвэрт гарсан нийт 274 ахмадуудтай. Бид өнгөрсөн гурван жилийн хугацаанд өнөөдрийнх шиг олуулаа цугларсангүй. Залуус бид ахмад ажилчдаасаа суралцах, туршлага хуримтлуулах зорилгоор тус уулзалтыг зохион байгуулж байна. Үүнээс гадна бид эдгээр ахмадуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, газар олгох, эрүүл мэндийн үзлэгт хамруулах зэрэг олон ажлыг зохион байгуулж байна. Ахмадуудын маань сэтгэл хангалуун байгааг харахад таатай байна. Энэ ташрамд бидний арга хэмжээг хүндэтгэн хүрэлцэн ирсэн Цагдаа, дотоодын цэргийн ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд, НЦУГ-ын Ахмадын зөвлөлийн дарга, цагдаагийн хурандаа С.Отгонбаатар нартаа болон нийт ахмадууддаа талархал илэрхийлье. Бид цаашид дээрх холбоодуудтайгаа хамтран ахмадуудруу чиглэсэн олон ажлыг хийж хэрэгжүүлэх болно." хэмээлээ.
Цагдаа, дотоодын цэргийн ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд:
Удахгүй болох Олон улсын Ахмадын баярын өдрийг угтан БЗД-ийн Цагдаагийн газраас ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлж байгаад баяртай байна. Ахмадуудыг ийнхүү уулзуулж буй БЗД-ийн Цагдаагийн газрын хамт олонд талархал илэрхийлье. Манай зөвлөлийн зүгээс ахмадуудад чиглэсэн спорт, урлагийн тэмцээнийг тогтмол зохион байгуулахаас гадна нийгмийн оролцоог нь дэмжих чиглэлээр Хүнсний хувьсгал, Тэрбум мод зэрэг олон арга хэмжээнд ахмадуудыг татан оролцуулдаг. Бид тэтгэвэрт гээд зүгээр суух биш өөрсдийнхөө хүсэл сонирхлоор олон олон ажлыг хийж хэрэгжүүлдэг. манай зөвлөл ч энэ тал дээр нь хамтран ажиллаж, дэмжиж байна.
Мөн энэ үеэр зарим ахмадуудыг "Хөдөлмөрийн хүндэт" болон бусад шагналаар шагнаж, урамшуулсан юм.