ШШГЕГ: “Хоригдлыг суллагдахад бэлтгэх байр”-ыг ашиглалтад орууллаа
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 441 дүгээр нээлттэй хорих анги “Хоригдлыг суллагдахад бэлтгэх байр”-ыг засаж, тохижуулан 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр ашиглалтад орууллаа.
Энэхүү байрыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны А/167, А/233 дугаар хамтарсан тушаалаар баталсан "Хоригдлыг суллахад бэлтгэх хөтөлбөр"-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Дэзэрэт” олон улсын энэрлийн байгууллагын хөрөнгө оруулалтаар тохижуулсан.
"Хоригдлыг суллахад бэлтгэх хөтөлбөр" нь хорих ялын хугацаа дуусахаас өмнө хоригдлыг нийгэмд гарахад бэлтгэх, суллагдсаны дараа дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, суралцах, ажил хөдөлмөр эрхлэх дадал хэвшүүлэх, гэр бүлийн болон хөдөлмөрийн харилцаанд бэлтгэх, нийгэмшүүлэх зорилготой.
Дээрх хөтөлбөрийн хүрээнд хоригдлын ял эдэлсэн хугацаанаас хамаарч суллагдахаас 14 хоногоос 6 сарын өмнө “Хоригдлыг суллагдахад бэлтгэх байр”-нд байрлуулан амьдрах ухааны болон хувь хүний хөгжлийг хангах сургалтад хамруулж байгаа юм.