Намрын “НОМЫН БАЯР“ энэ сарын 15, 16, 17-ны өдрүүдэд болно
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын ивээл дор “Илүү их уншъя” уриатайгаар 34 дахь удаагийн "Номын баяр" энэ сарын 15, 16, 17-ны өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд болох аж.
Номын баярын үеэр уншигчдад ном сонирхох, зохиолчидтой ярилцах боломжийг бүрдүүлэх зорилгоор тус бүрдээ сонирхолтой хөтөлбөр бүхий “Номын нээлт”, “Ногоон зүлэг” нэртэй хоёр тайзтай байхаар төлөвлөжээ.
Энэ үеэр, хэвлэн нийтлэгчид олон улсын номын зах зээлд номоо гаргасан туршлагаа хуваалцахын зэрэгцээ номын тухай подкастууд, шинэ номын нээлтүүд, шинэ хэвлэлийн газруудтай танилцах ярилцлагуудыг сонирхох боломжтой юм байна.
Номын баяраар
- “Өсвөр насныханд санал болгох 50 номын жагсаалт”-ыг танилцуулах
- Сурагчдыг “Автобустай аялал”-аар номын баярт хүргэх
- Гадаадын зохиолчид номын нээлтээ хийж, уншигчдадтай уулзалт хийх аж.
Тухайлбал, ОХУ-ын төрийн шагналт Павел Басинский, оросын улс төрийн триллер зохиолч Дмитрий Захаров, зохиолч сурган хүмүүжүүлэгч Екатерина Барбаняга, түүхч, соёл судлаач Анна Эспарса, Анастасия Игоревна Строкина, Игорь Сид, Буриадын зохиолч Ширеторов Чингис Пурбоевич, Халимагийн түүхч Басан Захаров, БНХАУ-ын зохиолч Хань Зин Хүй, БНХАУ-ын ӨМӨЗО-ны зохиолч Сономцэрэн, Италийн утга зохиолын Грицане Кавур шагналт, Хятадын мета-зөгнөлт буюу постмодернист зохиолын аварга гэгддэг Үй Хуа нар шинэ номын нээлтээ хийж, уншигчидтай уулзан, тусгай лекцүүдээ унших юм.
Номын баярт 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 гаруй зохиолч тогтмол оролцдог. Энэ жилийн баярт шинээр оролцохоор 50 гаруй оролцогчид нэмэгдсэн байна.
Сүүлийн жилүүдэд Монгол Улсын ном хэвлэлийн салбар эрчимтэй хөгжиж, 15-25 насны уншигчдын тоо нэмэгдэж буй.
33 дахь удаагийн “Үндэсний номын баяр”-ын үеэр 1500 хүний дунд санамсаргүй түүврийн аргаар судалгаа хийсэн байна. Судалгаанд оролцогчдын 42.2 хувь нь эрэгтэй, 57.8 хувь нь эмэгтэйчүүд байжээ. Мөн уншигчдын 88.4 хувь нь цаасан ном уншихыг илүүд үздэг ба нэг уншигч жилд дунджаар найман ном худалдаж авдаг хэмээх судалгаа гаргасан аж.