2021, 2022 онд ипотекийн зээлд хамрагдсан иргэд 1 хувийн шимтгэлээ БУЦААН АВАХ эрх үүслээ
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэр бүхий есөн банкны гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, тус газрын улсын байцаагчид холбогдох хэргийг банкуудын итгэмжлэгдсэн төлөөлөгчид, өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2023 оны 9 дүгээр сарын 11- ний өдөр хэлэлцлээ.
Нэр бүхий есөн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчид, өмгөөлөгчдийн гаргасан гомдол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан хяналтын журмаар гомдол гаргах үндэслэлд хамаарахгүй тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэв.
Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байгааг Дээд шүүхээс мэдээллээ. Энэ оны тавдугаар сард ШӨХТГ-т "Банкууд 1%-ийн шимтгэлийг хууль бусаар авч, иргэдийг хохироогоод байгаа тул шалгаж өгнө үү" гэсэн хүсэлтийг нэр бүхий хуульч гаргасан.
Энэ дагуу тус газраас нэр бүхий есөн банканд шалгалт оруулж, 1%-ийн шимтгэл авч байгаа нь хууль бус болохыг тогтоогоод акт тавьсан. Үүний дараа шүүхэд хандсан. Ингээд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс арилжааны банкууд ипотекийн зээл олгохдоо авдаг 1%-ийн шимтгэлийг үндэслэлгүй гэх шийдвэр зургадугаар сард гарсан. Ингэснээр 2021, 2022 онуудад ипотекийн зээл авахдаа шимтгэл төлсөн зээлдэгч нар Иргэний хэргийн шүүхэд тусдаа нэхэмжлэл гаргах боломжтой болж байна гэсэн үг юм.