СХД-ийн ИТХ-ын дарга Б.ХУЯГБААТАР “Хэлмэгдэгсдийн хөшөөнд“ хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Өнөөдөр "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр" тохиож байна. Тэгвэл тус өдөрт зориулан Сонгинохайрхан/СХД/ дүүргийн ИТХ-аас энэ сарын 07-ны өдрөөс хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд өнөөдөр СХД-ийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатар болон бусад албаныхан Сонгинохайрхан уулын ар энгэрт хэлмэгдэгсдэд зориулан цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Тус арга хэмжээнд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Нийслэл, дүүргийн салбар комисс, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагууд, хэлмэгдэгчдийн ар гэрийн төлөөлөл, холбогдох албаны хүмүүс оролцсон юм.
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч, тэдний үр хүүхэд, ач зээ нарын нийт 300 гаруй иргэн амьдарч байгаа бөгөөд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатар эдгээр иргэдийн гэрээр зочилж, хүндэтгэл үзүүлсэн юм.
Мөн эдгээр өдрүүдэд дүүргийн ИТХ-аас "Нэргүй баатрууд" яруу найргийн наадмыг зохион байгуулсан бөгөөд уг наадамд 60 гаруй шүлэг, яруу найраг сонирхогчид бүтээлээ ирүүлснээс хоёрдугаар шатны шалгаруулалтад 25 яруу найрагч шалгарч тэргүүн байранд МЗЭ-ийн гишүүн Болор цомын эзэн яруу найрагч М.Амархүү, хоёрдугаар байранд Цагаан уул яруу найргийн наадмын тэргүүн Г.Хашбаатар, гуравдугаар байранд залуу яруу найрагч А.Анхбаатар, тусгай байранд МЗЭ-ийн гишүүн Б.Түмэнбаяр, Сүүн бэх утга зохиолын нэгдлийн гишүүн А.Анхбаяр нар тус тус шалгарчээ.
Ташрамд дурдахад Монгол Улсын Их Хурал 1996 онд жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон орон даяар өнгөрүүлж байхаар шийдвэрлэсэн байдаг.
Энэ өдрөөс хойш өдгөө 28 дахь жилдээ Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомжийн хүрээнд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн өнгөрүүлж байгаа юм.
Улс төрийн хэрэгт хэлмэгдэж шийтгэгдсэн иргэдээс өнөөдрийн байдлаар нийт 31,595 иргэнийг цагаатгаад байна.