ТОДРУУЛГА: “Хүүхдүүдийг авч явсан үйлдэл нь гэмт хэрэг“ тул сайтар шалгаж, Хэрэг хүлээх чадвартай эсэх дүгнэлтийг СЭМҮТ гаргана
Өчигдөр буюу /2023.09.05/ цахим орчинд нэгэн эмэгтэй 2 хүүхдийг нь хулгайлахыг завдсан тухай бичлэгийг байршуулсан.
Тэгвэл энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 19 цаг 29 минутад Дархан-Уул аймгийн Дархан сум, 10 багт “Манай хоёр хүүхдийг авч явах гээд байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулж, байрны гадна тоглоомын талбайд тоглож байсан 4-6 насны 2 хүүхдийг хөтлөн явсан гэх 23 настай, эмэгтэй “Н” гэгчийг саатуулан, шалгалтын ажиллагаа явуулж байна.
Тодруулбал, Тухайн эмэгтэйг хуулийн байгууллага шалгаж байгаа. Учир нь бага насны хүүхдүүдийг зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэл нь гэмт хэрэг тул сайтар шалгана. Харин сэтгэцийн хувьд хэрэг хүлээх чадвартай эсэх талаарх эцсийн дүгнэлтийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв /СЭМҮТ/ гаргах ёстой. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа" гэсэн мэдээллийг өгсөн юм.