СХД-ийн 26-р цэцэрлэг: 2 настай хүүхдийн бөгсийг угаахад тийчлээд байсан тул “чанга барьсан“
Нэгэн иргэн өөрийн цахим хуудаснаа "26-р цэцэрлэгийн багш битгий давраад байгаарай" хэмээн өөрийн бухимдлаа илэрхийлжээ. Тэрбээр "Дүүгийн маань 2 настай нялх үрийг ийм болтол нь зодчихоод энийгээ санаандгүй чанга барьчихсан чинь ийм болчихсон гээд худлаа уучлалт гуйсан болоод өнгөрнө гэж бодоо юу. Далнаас барина гэж юу байдаг юм. Барих боломжгүй газар байхад чанга барьчихсан" хэмээжээ.
Энэ асуудлаар СХД-ийн 26-р цэцэрлэгийн захиргаанаас тодруулахад "Хүүхэд зодоосон асуудал гараагүй ээ. Сошиал орчинд буруу ташаа мэдээлэл гарчихсан байна. Манай багш 2 настай хүүхдийг живхэндээ баачихсаныг цэвэрлэхдээ чанга бариад ором гарсан байна. Тухайн хүүхэд маань нэлээд мяраалаг байсан тул багш өргөөд бөгсийг нь угаахад тийчлээд байхаар нь сугаар нь гараа оруулаад барьсан юм байна." гэсэн хариу тайлбарыг өгсөн юм.
Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Дээрх мэдээлэл нь цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй байна. СХД-ийн цагдаагийн газрын I хэлтсээс гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхэд шалгалтын ажиллагаа явуулахаар холбогдох ажиллагааг эхлүүлээд байна" гэв.