“Өндөр голчтой, төгсөөд багшаар ажиллах оюутнуудад ТЭТГЭЛЭГ ОЛГОНО“
Өнгөрсөн долоо хоногт зохион байгуулагдсан "Боловсролын шинэ сэргэлт" чуулганы үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ багш мэргэжлээр сурах оюутнууд болон багш магистрын зэргээр суралцах бол төр төлбөрийг 100 хувь бүрэн даана гэдгийн мэдээлсэн.
Тэгвэл энэ ажил ямар шалгуураар хэрэгжих талаар Дээд боловсролын газрын дарга Х.Тамир мэдээллээ.
Тэрээр "Эхний ээлжид босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүйгээр ижил хэмжээгээр тогтоохоор болсон. Өмнө нь төрийн өмчийн сургууль өндөр босготой байсан. Ингэснээр, төрийн өмчийн сургуулийн сувилагчийн хөтөлбөрийн босго оноо төрийн өмчийн сургуулийн хүний эх эмчийн хөтөлбөртэй ижил босготой байсан. Энэ асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэсэн. Түүнчлэн босго оноог тогтоохдоо өмнөхөөс нь буулгахгүй байхаар шийдвэрлэнэ.
Мөн багш боловсролын шинэчлэл гэдэг гурван тулгуурт бодлого хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүний нэг хэсэг нь багшаар суралцах оюутны төлбөрийн асуудал юм. Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах тогтолцоо, нийгмийн баталгаа, цалин хөлс, нэр хүнд үнэлэмжийн асуудал зэргийг багш бэлтгэх боловсролын шинэчлэл гэж ойлгож болно.
Багш мэргэжлээр суралцах хүмүүст олгох тэтгэлгийн талаар зарласантай холбоотойгоор олон нийт янз янзын байр суурь илэрхийлж байх шиг байна. Журам, зохицуулалт тодорхой байгаа. Нэгдүгээрт, багшаар суралцах, элсэх суралцагчдын босго оноог нэмэгдүүлэх шаардлагатай.
СӨБ-ын болон дуу хөгжмийн багшаас бусад мэргэжлийн багш нарын их сургуульд элсэх босго оноог 500-аас дээш байхаар тогтоож, тэтгэлэг олгох асуудал яригдана.
Сургалтын төлбөрийг төрөөс санхүүжүүлсэн тохиолдолд, сургалтын голч онооноос хамаарч, тэтгэлэг үргэлжлүүлэх эсэх асуудал яригдана. Түүнчлэн их сургуулиа төгсөөд багшлах гэрээтэйгээр суралцана" гэв.