Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах АНУ-ын дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх талаар хэлэлцжээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган болон АНУ-ын Хөдөө аж ахуйн департаментийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
АНУ-ын Хөдөө аж ахуйн департамент (яам)-ийн төлөөлөгчид олон жилийн дараагаар манай улсад дахин айлчилж буй юм.
АНУ-ын Вашингтон хотноо 2023 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр болсон Монгол Улсын Гадаад харилцааны яам, АНУ-ын Төрийн департамент хоорондын Эдийн засгийн бодлогын IV зөвлөлдөх уулзалтын үеэр хүнс, хөдөө аж ахуйн салбарт тодорхой саналуудыг дэвшүүлж, Гадаад харилцааны яамаар дамжуулан хүргүүлсэн нь тодорхой үр дүнд хүрч байна.
Тухайлбал Монгол Улсын Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд дөрвөн улирлын хүлэмж барих төсөл, малын вакцин болон бордооны үйлдвэр байгуулах талаар холбогдох техник, эдийн засгийн үндэслэл, танилцуулга болон концепцийг хүргүүлсэн нь АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, НҮБ-ын ХХААБ-тай хамтран ХХААХҮЯ нь дөрвөн улирлын хүлэмж байгуулах, зохих судалгаа, сургалтыг зохион байгуулах, боловсон хүчин бэлтгэх цогц төслийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зураад байна.
Төслийн нээлт энэ сарын 31-ий өдөр болох юм.
Мөн АНУ-ын Хөдөө аж ахуйн департамент (яам)-ийн төлөөлөгчдийн айлчлалын үеэр Монгол Улс, АНУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, хөрөнгө оруулалтын долдугаар хуралдаан зохион байгуулагдсан бөгөөд салбарын хамтын ажиллагааны хүрээнд
- Фосфорит, кали болон азотын исэл дээр тулгуурласан бордооны үйлдвэр байгуулах
- Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах ажлын хүрээнд био аюулгүй байдал
- Вакцины чиглэлээр хамтран ажиллах
- Монголын ноос, ноолуур, сүлжмэл эдлэл, бүтээгдэхүүнүүдийг АНУ-ын зах зээлд нийлүүлэх өөр арга замыг хамтран олж тогтоох
- Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах АНУ-ын дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх
- Хойд Америкийн Махны Хүрээлэнтэй Монголын махны холбоо харилцаа холбоо тогтоох, хамтын ажиллагааг эхлүүлэх зэрэг асуудлуудыг хөндөж хэлэлцсэн юм.