О.Цэлмэгийн мэдээллийн дагуу шалгалтыг эхлүүлж, Булган аймгийн цагдаагийн даргыг ажлаас чөлөөлсөн
Булган аймгийн цагдаагийн албан хаагч, ахмад О.Цэлмэг аймгийн цагдаагийн удирдах албан тушаалтнуудын хууль бус үйлдлийн талаар илчилсэн.
Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга, цагдаагийн хурандаа н.Манлайбаатараас тодруулахад тэрээр "Булган аймгийн цагдаагийн газрын Орхон сум хариуцсан хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад О.Цэлмэгийн асуудлыг шалгаж байна. Тус албан хаагч 07 дугаар сард ЦЕГ-т цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид ашиг сонирхлын зөрчил үйлдсэн эсэх, мөн тэдний ашиг сонирхол зөрчигдөж байгаа эсэхийг авдаг дугаарын утсанд гомдол гаргасан. Энэ гомдол мэдээллийн дагуу тухайн үед нь ажлын хэсэг гараад Булган аймгийн цагдаагийн газарт ажилласан. Тухайн үед энэ асуудлыг мөн олон нийтийн цахим хуудсандаа илэрхийлсэн байсан. Энэ дагуу шалгалт хийхэд зарим нэгэн зөрчил илэрсэн. Тухайлбал алба хаагчаас цалингийн суутгал авсан байсан тул Булган аймгийн цагдаагийн газрын даргыг тухайн үед нь ажлаас нь чөлөөлсөн. Мөн нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцож ажилласан.
Үүнээс гадна өчигдөр цахим сүлжээгээрээ иймэрхүү шинж чанартай мэдээллийг дахин тавьсан байна. Одоо бид ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Шалгалтын үеэр тухайн алба хаагч ямар ажил үүрэг гүйцэтгэж байсан болон үүрэг гүйцэтгэх явцад удирдлагын болон үүргийн хяналтаар ажиллаж байгаа албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагаа байгаа юм уу үгүй юу гэдгийг тодруулах юм.
Үүнээс гадна алба хаагч өөрөө ажил үүргээ хэрэгжүүлэхдээ дүрэм, журмын дагуу ямар эрх хэмжээг эдэлсэн байна гэдгийг шалгахаар Цагдаагийн эрх ашгийн хамгаалах албатай хамтран ажиллаж байна." хэмээлээ.