Нийслэлд давхардсан тоогоор өдөрт 2.8 сая тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна
Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, УИХ-ын гишүүн, сайд Ж.Сүхбаатар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Өнөөдрийн байдлаар 2882000 гаруй хүн зорчилт хөдөлгөөнд оролцож байна. Эдгээрийн 64 хувь нь хувийн автомашинаар, 24 хувь буюу 691 мянга гаруй хүн автобусаар явж байна. Үүнтэй холбоотойгоор цаашид автобус, хувийн машин хоёрыг тэнцүүлэх бодлого барих шаардлагатай. Түүнчлэн нийслэлчүүдийн дийлэнх буюу 64 хувь нь хувийн автомашинаар замын хөдөлгөөнд оролцож байхад түгжрэлийг бууруулах боломжгүй. Түгжрэлийг бууруулахын тулд хувийн машинуудын хэрэглээг хязгаарлах, бууруулах, шахах механизмыг ашиглах шаардлагатай болж байна.
Дээрх үзүүлэлтийг задалж үзвэл 44 хувь нь ажилдаа ирж очих, 35 хувь нь хүүхдээ сургууль цэцэрлэгт хүргэж өгөх, 14 хувь нь амралт, 14 хувь бусад гэсэн тооцоолол гарсан. Нэг жилийн хугацаанд Улаанбаатарт орж ирдэг машины тоо 59 мянгыг даваад буй. Жайкагийн судалгаагаар түгжрэлийн тааз 2025 онд тэг зогсолт болно. Цаашлаад 2030 он гэхэд нийслэлийн хүн амын тоо хоёр саяд хүрнэ. Тиймээс түгжрэлийг бууруулах биш улам дордуулахгүй байх арга хэмжээ авах хэрэгтэй байна. Ингээд яриад сууж байхад хүртэл нийслэлийн хүн ам, машины тоо нэмэгдсээр байгаа" хэмээлээ.