“Монгол Улс дахь Олон улсын худалдааг хөгжүүлэх төсөл”-ийн багийн ахлагч Кармен Фратитаг хүлээн авч уулзлаа
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Ням-Эрдэнэ “Монгол Улс дахь Олон улсын худалдааг хөгжүүлэх төсөл”-ийн багийн ахлагч Кармен Фратитаг өчигдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хатагтай Кармен Фратита манай улсад хэрэгжих уг төслийн зорилго, агуулгыг товч танилцуулж, талууд харилцан санал солилцлоо.
Төслийн “хууль, эрх зүйн орчныг сайжруулах” дэд хэсэгт “Монгол Улсын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль”-ийг боловсронгуй болгож шинэчлэх, Европын холбооны орнуудын стандарт шаардлагад нийцсэн хууль эрх зүйн орчныг бий болгох тал дээр хамтран ажиллахыг хүсэж буйгаа ШӨХТГ-ын дарга С.Ням-Эрдэнэ илэрхийллээ.
Европын Холбооноос манай улсад 2023-2027 онд хэрэгжих энэхүү төсөл нь олон улсын худалдааг төрөлжүүлэх, Дэлхийн худалдааны байгууллагад элсэх болон хөнгөлөлтийн ерөнхий схемийн (GSP+) үр ашгийг бүрэн ашиглахын зэрэгцээ ногоон, тогтвортой, хүртээмжтэй хөгжлийг дэмжих үндсэн зорилготой юм.