Нийслэлчүүдэд 78 мянган төгрөгөөр УТААГҮЙ өвөлжих БОЛОМЖ байна
Нийслэлчүүдийн гол тулгамдсан асуудал "утаа"-г шийдэхийн тулд өнөөдрийг хүртэл хэдэн их наядыг салхинд хийсгэсэн байдаг. Үүнээс сүүлийн 4 жил хэрэглээнд нэвтэрсэн сайжруулсан түлш л үлдсэн. Гэвч энэ нь хоруу чанар ихтэй, нүүрсхүчлийн хий ихээр ялгаруулах болсон. Өнгөрсөн өвөл буюу 2022-2023 онд шилжих өвөл Нийслэлчүүд арай гэж амьд мэнд гарсан. Амьсгалын замын өвчинд хүүхэд, хөгшидгүй нэрвэгдэж, байдгаа барсан гэж хэлж болно.
Тэгвэл ирэх өвөл Нийслэлчүүд 45 хоногийн хугацаанд 78 мянган төгрөгөөр утаагүй орчинд амьдрах хувилбар бас байгаа аж. Өөрөөр хэлбэл төрөөс нэг иргэндээ 78 мянган төгрөгийг шийдээд өгчихвөл утааны ид үе болох 12 дугаар сарын 01-ээс 02 дугаар сарын 01 хүртэлх хугацаанд утаагүй өвөлжих боломж байгааг БНХАУ, БНСУ, Лондон хотын туршлага бидэнд харуулж байна.
Тодруулбал, яагаад 177 тэрбум гэх тоо яригдах болсон бэ?
Улаанбаатар хотод 230 орчим мянган өрх нүүрс түлж байна. 2019 оноос эхлэн сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр төрөөс жилдээ 50 тэрбум төгрөгийг татаасыг гаргадаг байна. Жил бүр тогтмол ийм зардлыг гаргадаг гэсэн үг.
Тэгвэл ирэх өвөл БНХАУ-аас хагас кокжуулсан нүүрсийг 45 хоногийн хугацаанд хэрэглээнд нэвтрүүлж, судалгаа тооцооллын дагуу утаа одоогийнхоос хоёр дахин буурах эсэхийг судлахаар яригдаж байна. Үүний тулд БНХАУ-аас мидлингийн оронд хагас коксжуулах түүхий эдээ татаж Таван толгой түлш ТӨҮГ дээр үйлдвэрлэлд оруулан сайжруулсан түлш шигээ түгээх аж. Өөрөөр хэлбэл түүхий эдээ л БНХАУ-аас авч байгаа болохоос бусад үйлдвэрийн шат дамжлага нь Тавантолгой түлш ТӨҮГ дээрээ явагдах аж. Холбогдох үйлдвэрлэл, татвар, гадаад дотоод тээвэр гээд бүх зардал 127 тэрбум төгрөгийн зардал гарна гэсэн албаны тооцоолол гарчээ. Үүн дээр өмнөх сайжруулсан түлш шиг хямд үнээр хүргэхийн тулд жил бүр хүлээдэг 50 тэрбумын алданги давхар орж ирнэ. Ингээд нийт 177,5 тэрбум гэх тооцоолол гарчээ.
Тэгвэл ерөнхий утгаар нь харахад 177,5 тэрбумыг нэг сая 600 орчим мянган иргэндээ хуваахад нийслэлийн нэг иргэн 78 мянган төгрөгийг 45 хоног утаагүй өвөлжихөд зарцуулах юм. Бид утаанаас болж зөвхөн ханиад, томуунд хэдэн зуун мянган төгрөгийн эмний зардлыг гаргадаг. Зөвхөн эмэнд шүү!
Тиймээс Нийслэлчүүдийн хувьд дэлхийн олон хотуудын туршлага дээр үндэслэсэн хагас коксжсон нүүрсийг хэрэглээндээ "болох" эсэхийг туршаад бодитоор үр дүнг нь харахад харамсах зүйл алга! Зориглож хийхгүйгээр бид өөрчлөлтийг мэдэрч чадахгүй юм.