Мотоциклтой хүн экскаватор мөргөж, хавчуулагдан нас баржээ
Өнгөрсөн шөнө мотоциклтой хүн экскаватор мөргөж, хавчуулагдан нас барсан осол болжээ.
Тодруулбал, нийслэлийн Хан-Уул дүүргийн 3-хороо, автозамын уулзвар, замын зорчих хэсэгт экскаваторын хойд талаас мотоциклтой хүн мөргөж, хавчуулагдсан ноцтой осол гарчээ.
Онцгой байдлын газарт экскаваторын эд ангид хавчуулагдсан, цогцсыг гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг /2023.08.25/ 02:45 цагт хүлээн авсан байна. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэний “Хьюндай R210W-9” загварын экскаваторын хойд талаас “Кавасаки” загварын мотоцикл мөргөж, 25 настай, эрэгтэй экскаваторын хойд хэсэгт хавчуулагдан нас барсан байжээ.
Албаныхан “Холматра”-гийн задаргааны багаж ашиглан цогцсыг гаргаж, тус дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагчид шилжүүлэн өгсөн.