“Авлига хороолол“ буюу “Aqua Garden”-ий удирдлагууд өнөөдөр олон нийтэд хандаж мэдээлэл хийнэ
Үерийн онцгой хамгаалалтын бүсэд буй S'Outlet, "Авлига хороолол" буюу Aqua Garden хороолол мөн Алтай хотхоны урд байрлах "Шунхлай" ХХК-ийн ШТС зэрэг барилга, байгууламжуудыг Газрын тухай хуулийн дагуу буулгаж, чөлөөлсөн газрыг улсын тусгай хамгаалалтад авах Засаг даргын захирамж гарсан.
Тэгвэл өнөөдөр /2023.08.25/ өдрийн 11:00 цагт Aqua Garden хорооллын удирдлагууд Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийхээр болжээ.
"Авлига хороолол"-ын газрын түүхийг тоймлон хүргэж байна.
Нийслэлийн засаг дарга Э.Бат -Үүл 2013 А/951 захирамжаар Дунд голын ай савд баригдаж байсан “Акуа гарден”-ыг “Эм Энд Жи" ХХК-нд 2013 оны аравдугаар сарын 18-ны өдөр ногоон байгууламж гэх зориулалтаар анх газар олгосон. Улмаар Хотын дарга асан С.Батболд 2018 А/1111 захирамжаар үйлчилгээ, усан парк, спорт цогцолбор, Д.Сумъяабазар 2022 А/17 захирамжаар худалдаа, нийтийн үйлчилгээ, цогцолбор, орон сууцны зориулалтаар тус тус газар олгосон байна.
Авилга хорооллын газрын түүх:
- 2007 онд ХУД-ийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 138-р тогтоолоор олгосон.
- 2008 онд ХУД газар ашиглах гэрчилгээ олгосон. Нийслэлийн ЗД Билэгт уг эрхийг баталгаажуулсан.
- 2013 онд ХУД газар ашиглах эрхийг эзэмших эрх болгож, Нийслэлийн ЗД Бат-Үүл “ногоон байгууламж”-ийн зориулалтаар олгосон.
- 2018 онд Нийслэлийн ЗД Су.Батболд ногоон байгууламжийн зориулалтыг “үйлчилгээ, усан парк” болгон өөрчилж, газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгасан.
- 2020 оны 9 сарын 30-нд НЗД ү/г Батбаясгалан газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг үндэслэлээр цуцалсан ба шүүхээс эргэж сэргээсэн.
- 2022 оны 1 сарын 11 өдөр Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар А/17 захирамжаар “худалдаа, үйлчилгээ, орон сууц, сургууль, цэцэрлэг” болгож өөрчилж өгсөн. Ингэснээр орон сууц барих боломжтой болсон.
- 2022 оны 3 сарын 23-ны өдөр Нийслэлийн ерөнхий архитектор Н.Нацагдорж 3 блок 24 давхар орон сууц, үйлчилгээний барилгын архитектор төлөвлөлтийн даалгаврыг батлаж өгсөнөөр Авилга хороолол баригдаж эхэлжээ.