“INEL ZAISAN VILLAGE” хотхоны гүний худгаас 3 төрлийн эмгэг, өвчин үүсгэгч “НЯН ИЛЭРСЭН“
ХУД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Inel Zaisan village" хотхоны оршин суугчид гэдэсний халдварт өвчин болон цусан суулга өвчний халдвар авсан талаар оршин суугчид цахим орчинд мэдээлсэн.
Тэгвэл энэ талаар усны газрын микробиологич Г.Нарансолонгоос тодруулахад “2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ирсэн дээжээс шинжилгээ хийхэд INEL ZAISAN VILLAGE хотхоны гүний худгийн усны нянгийн тоо байх ёстой хэмжээнээс хэд дахин их байсан. Гурван төрлийн эмгэг, өвчин үүсгэгч нян, бактери илэрсэн. Гэдэсний бүлгийн эмгэг төрөгч, савханцар илэрсэн.
Энэ хариуг захиалагч байгууллагад өгөхөд хариуцсан контор нь манайхаас явуулсан шинжилгээний хариуг засаж, өөрчилсөн байсан. Нянгийн тоог бууруулж, хоёр илэрсэн нян бактерийг илрээгүй болгож зассан байсан." хэмээлээ.
Тус хотхоны оршин суугчдад энэ сарын 1-ний өдрөөс эхэлнэ гүйлгэх, халуурах шинж тэмдэг илэрч эхэлсэн байна. Тиймээс ундны уснаас болсон байх магадлалтай хэмээн үзэж, Усны газарт дээж хүргүүлэн шинжилгээнд хамруулжээ. Тус хотхон нь төвийн усны шугамд хамаардаггүй бөгөөд тусдаа гүний худгийн ус хэрэглэдэг байна.