“Монголын үрс олон болтугай“ хэмээн шүлс шиг цалингаар ээжүүдийг хуурсаар...
Монголын үрс олон болтугай...
Монгол Улс 3.4 сая хүнтэй орны хувьд хүн амтай. Хүн амаа өсгөх бодлого барьж, үүний төлөө олон ажил хийж байна хэмээн ярьцгаадаг.
Үүний нэг бол "Цалинтай ээж" хэмээх сүржин нэртэй даржин хөтөлбөрийг 2018 оноос хүн амаа өсгөх, төрөлтийг дэмжих, эх, нялхсын эрүүл мэндийг сайжруулах, бага насны хүүхэдтэй өрхийн амьжиргааг нэмэгдүүлэхэд дэмжлэг болгох зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн.
Юмны үнэ өдрөөс өдөрт тэнгэрт хадаж байгаа энэ үед цалинтай ээжийн 50,000 төгрөг буюу 15 доллар ч хүрэхгүй мөнгөөр үр хүүхэддээ шим тэжээлтэй хүнс авах нь битгий хэл ганц уут памперс авах ч бэрхшээлтэй.
Хүний төлөө хүүхэд гаргасан гэж бодох, ээжүүдэд заавал цалин өгөх ёстой юм уу гэж бодох хүмүүс бий. Хэрэв тэр ээж "хүүхэд төрүүлэх" хэмээх сонголтыг хийгээгүй бол ажлаа тогтмол хийж, нэр хүндээ өсгөх, санхүүгийн хувьд хэн нэгнээс хараат бололгүй, нийгмээс тасрахгүй байх боломж байсан. Энэ бүгдийг огоорон үр хүүхэдтэй болох сонголтыг хийдэг.
Гэтэл төрөөс "ЦАЛИНТАЙ ЭЭЖ" хэмээх 50,000 төгрөгийг чулуудчихаад цалин өгсөн хэмээгээд ам таглаад суух...
Гэтэл бусад орнууд хүн амаа өсгөхийн тулд маш олон арга хэмжээ авдагийн нэг нь хүүхдийг төрсний дараа өгөх тэтгэмжээс гадна ээж нарт өгдөг цалин нь бидний ажиллаад авч байгаа цалингаас өндөр байдгийг харж болно.
Жишээ нь БНСУ-д эхийг бие давхар болсон цагаас нь эхлэн эхийн биед анхаарал хандуулж, халамжилдаг. Өөрөөр хэлбэл жирэмсэн эхийг фолийн хүчил болон төмрийн бэлдмэлээр үнэгүй хангаж, ургийн гажиг, бүх төрлийн нарийвчилсан шинжилгээг үнэ төлбөргүй хийж, хүүхдээ эрүүл тээх нөхцлийг нь дэмждэг. Мөн төрсөн ээжүүдэд 837 ам.доллар, ихэр хүүхэд төрүүлсэн бол 1,172 ам.доллартой тэнцэх бэлэн мөнгө олгодог байна. Үүнээс гадна бүс бүсээрээ хүүхэд төрүүлэхийг дэмжих ажлыг хийх юм. Сөүл хотын захиргаа хүүхэдтэй болсон гэр бүлд хоёр сая воны (1,650 ам.доллар) купон тарааж эхэлжээ.
Тэгвэл Япон Улсад төрж буй ээжид улсаас 400 мянган еэний тэтгэмж өгдөг бөгөөд жирэмсний үзлэг, шинжилгээ нь үнэгүй байдаг ажээ.